ЗАСАГ ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

Мэндчилгээ

Нийслэл Улаанбаатар хотын дөрвөн зүгт дүнхийх дөрвөн их хайрханы нэг Чингэлтэй хайрхнаараа овоглосон Чингэлтэйчүүдийнхээ энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилж байна. Чингэлтэй дүүрэг 1992 онд байгуулагдсан цагаас дүүргийн төр, захиргааны байгууллага иргэдийнхээ эрүүл, аюулгүй амьдрах ая тухтай нөхцөл, хүүхэд, залуучуудын сурч, хүмүүжих орчин, ахмад настнуудын нийгмийн халамжийг сайжруулах чиглэлээр эрүүл мэнд, боловсрол зэрэг бүх салбарт анхаарал хандуулж, Хамтдаа бүтээж ирсэн уламжлалтай. Үүний тод томруун илрэл нь Чингэлтэй дүүргийн өндөрлөг, Тусгаар тогтнолын талбай, Тусгаар тогтнолын гэрэлт хөшөө, төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Самбуугийн гудамж, Л.Лааганы гудамж, Анкарагийн гудамж, Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн зэрэг 50 гаруй бичил цэцэрлэгт хүрээлэнгүүд, сургууль, цэцэрлэгүүдийн орчины ногоон байгууламжууд юм. Энэ бүхэн маань Чингэлтэйчүүд Та, бидний хамтын бүтээлээр хязгаарлагдахгүй хойч үедээ уламжлуулах хөгжил, дэвшилийн эхлэл юм. Манай дүүргийн 19 хорооны 34 мянган өрх, айлын 170 мянга гаруй хүн амын 77 хувийг хүүхэд, залуучууд эзэлдэг. Залуу үеийнхээ сурч, боловсрох, ажиллах орчин нөхцөлд ч анхаарч ирсэн. 2016 он хийсэн бүтээснээ иргэдээрээ үнэлүүлж, дүгнүүлсэн онцлогтой жил байлаа. 2012-2016 онд Хүүхдийн номын өргөө, Хүүхдийн амбулатори, дүүргийн хөрөнгө оруулалтаар анх удаа 150 ортой хүүхдийн цэцэрлэг, анхны жишиг Өрхийн эрүүл мэндийн төв, цэцэрлэгүүдэд Нэмэлт бүлгүүд байгуулсан, гэр хорооллын дунд баригдсан авто болон явган замууд, дүүргийн нутаг дэвсгэрийн 94 хувийг хамарсан гэрэлтүүлэг зэрэг томоохон ажлуудыг төр, захиргааны байгууллага, иргэд, олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр “дэм дэмэндээ, дээс эрчиндээ” гэсэн үлгэр дууриаллаар хамтран хийж, хэрэгжүүллээ. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны нийгэм, эдийн засгийн зорилтыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид 100 хувийн саналаар “Бүрэн хангалттай” үнэллээ. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг “Жаргалтай ирээдүй-Эдийн засгийн хөгжил”, “Жишиг төлөвлөлт- Дэд бүтцийн хөгжил”, “Жаргалтай амьдрал-Нийгмийн хөгжил”, “Жаргалтай орчин-Ногоон хөгжил”, “Жаргалтай иргэн-Нутгийн удирдлагын хөгжил” гэсэн таван бүлэг 64 заалттайгаар Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан. Энэ бүх зорилтоо биелүүлэхийн төлөө төр, захиргааны байгууллага, Чингэлтэйчүүдтэйгээ хамтран ажиллана. 2017 онд Чингэлтэй дүүрэг байгуулагдсаны 25 жилийн ой тохионо. Та, бидний хамтдаа хийсэн, бүтээсэн бүхэн маань дүүргийнхээ 25 жилийн ойд барих бэлэг болно гэдэгт итгэл төгс байна.

ЧИНГЭЛТЭЙ ХАЙРХАНЫ ӨВӨРТ ХАМТДАА ХӨГЖЬЕ

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА                                                        Ж.ЭРДЭНЭБАТ

  • Facebook