Төрийн байгууллагаар хурдан шуурхай, чирэгдэлгүй, цаг алдалгүй үйлчлүүлэх иргэдийн санал хүсэлт, хэрэгцээ шаардлагад үндэслэн Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын алба иргэдэд ойртон шинэ байрандаа орлоо.
Тухайлбал дүүргийн 18 дугаар хороо Чингэлтэйн автобусны 2 дугаар буудлын хойно дүүргийн Газар зохион байгуулалтын албаны “Иргэдэд үйлчлэх төв” нээгдлээ.
“Иргэдэд үйлчлэх төв”-ийн нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Газар Зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай, НИТХ-ын төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, НИТХ-ын төлөөлөгч, Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Л.Ариунтуяа НИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат болон хороодын Засаг дарга нар, иргэд оролцлоо.
“Газартай холбоотой аливаа асуудлыг шийдэхийн тулд иргэд зайлшгүй хотын төвд ирэх биш түгжрэл багатай, тухтай орчинд үйлчлүүлэх боломжтой болж байна. Иргэдэд ойртож, тэдэнд хэрэгцээтэй мэдээллийг хүргэх, үйлчилгээ үзүүлэх, асуудлыг шийдвэрлэх нь төрийн байгууллагын гол ажил юм. Иргэдийн газрын асуудлыг даруй шийдвэрлэдэг байх, асуудлыг сонсдог, тэдэнд чигч шударга үйлчилдэг байхыг Газрын албаны хамт олонд захиж байна. Дүүрэг ч энэ бүхнийг бодлогоор дэмжиж ажиллана. Иргэдэд төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэхээр зорьж байна. Тухайлбал дүүрэг өөрийн хөрөнгөөр газар чөлөөлж Эрүүл мэндийн төв барихаар ажил эхэлсэн. Энэ мэтчилэн уялдаа холбоотой ажиллаж, иргэдэд ойртож ажиллана” гэж дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл нээлтийн үеэр хэллээ.
Газар зохион байгуулалтын алба нь дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд газрын харилцааны талаарх бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, газрын бүртгэлийн мэдээллийг сайжруулах, газар ашиглалтын үр өгөөжийг дээшлүүлэх, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай чирэгдэлгүй хүргэхээр ийнхүү иргэдэд ойртлоо.