ТУСГААР ТОГТНОЛЫН “ЖИНХЭНЭ ЭЗЭД”-ИЙГ ХҮНДЭТГЭЖ БАЙНА

 

Дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ж.Даваарагчаа нар Чингэлтэй дүүрэгт амьдардаг, 1939 оны Халх голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдын гэрт нь 4 дүгээр сарын 30-ны өдөр очиж хүндэтгэл үзүүлж, “Тусгаар тогтнол ” хүндэтгэлийн цом, “Чингэлтэй хайрханы өвөрт” гэрэл зургийн түүхэн ном, гарын бэлэг гардууллаа.

1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн хүрээнд, Дэлхийн II  дайны ялалтын 70 жилийн ойн босгон дээр дүүргийн Засаг дарга Д.Ганболд 1939 оны Халх голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайн, 1940-1948 онд болсон баруун хилийн зэвсэгт тулгаралтад оролцсон ахмад дайчид, тэдний ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлж байгаа юм.

Чингэлтэй дүүрэгт 1939 оны Халх голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон Монгол Улсын Баатар, ахмад дайчин П.Шагдарсүрэн , 1939 оны Халх голын дайнд оролцсон ахмад дайчин-4, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин-17, 1940-1948 онд улсын баруун хилд болсон зэвсэгт тулгаралтад оролцсон 7 ахмад дайчин амьдарч байна.

Харийн түрэмгийлэгчдээс эх орноо хамгаалан тулалдаж, Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг хамгаалж үлдсэн ахмад дайчид бол Тусгаар тогтнолын “Жинхэнэ эзэд” юм.

Ахмад дайчин Аюушийн Буд:

1940-1948 онд Баруун хил дээр болсон зэвсэгт тулгаралтад оролцож, Бага дэслэгч цолтойгоор үүрэг гүйцэтгэж байжээ. Цэргийн гавьяаны улаан тугийн одон болон Ардын хувьсгалын ойн медалиудаар шагнуулсан.

Ахмад дайчин Гомбо-Оригийн Дашдондог:

-1945 оны Чөлөөлөх дайнд Монгол Ардын цэргийн 5 дугаар морьт дивиз, 28 дугаар морьт хорооны жагсаалын дарга, ахлагч цолтойгоор албан үүргээ гүйцэтгэсэн. Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Жуковын медаль, Ардын хувьсгалын болон бусад ойн медалиудаар шагнуулсан.

Ахмад дайчин Төрдашийн Рэнцэн:

1945 оны Чөлөөлөх дайнд Сүхбаатар, Чоно гол, Ховдын 5 дугаар заставт сумангийн улстөрийн орлогчоор ажиллаж байсан. Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Халх голын ялалтын 30 жилийн ойн медаль, “Бид ялав” медаль, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулжээ.

Ахмад дайчин Хандын Осор:

-1945 оны Чөлөөлөх дайнд оролцож, тусгай хороонд албан үүрэг гүйцэтгэсэн. Түүний гавьяаг төр, засгаас үнэлж Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Ардын хувьсгалын болон бусад ойн медалиудаар шагнуулсан байна.

Ахмад дайчин Хишигийн Намсрайжав:

1939 оны Халх голын дайнд тусгай үүрэг гүйцэтгэжээ. Түүний гавьяаг төр, засгаас үнэлж Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Ардын хувьсгалын болон бусад ойн медалиудаар шагнажээ.

Ахмад дайчин Цэрэнгийн Чимидцэрэн:

1939 оны Халх голын дайнд Дорнодын цэргийн госпиталд сувилагчаар албан үүрэг гүйцэтгэсэн.  Ахмад дайчны гавьяаг үнэлж, Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Жуковын медалиар шагнажээ.

Ахмад дайчин Ламжавын Равдан:

1944-1946 онд Баруун замын 6 дугаар морьт дивизэд бригадын нөөцийн даргаар албан үүрэг гүйцэтгэсэн. Ахмад дайчны гавьяаг төр, засгаас үнэлж, Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Ардын хувьсгалын болон бусад ойн медалиудаар шагнажээ.

 

 

Ахмад дайчин Цэндийн Батсүх:

1940-1948 онд Баруун хил дээр болсон зэвсэгт тулгаралтад оролцож, Ховдод их бууны ангид албан үүрэг гүйцэтгэжээ. Ардын хувьсгалын болон бусад ойн медалиудаар шагнасан байна.

Ахмад дайчин Далхаагийн Далай:

1945 оны Чөлөөлөх дайнд оролцож, Байшинтын их бууны хороонд албан үүрэг гүйцэтгэжээ. Түүнийг “Бид ялав” медаль, Жуковын медаль, Ардын Хувьсгалын болон бусад ойн медалиудаар шагнасан байна.

 

Ахмад дайчин Баяржаргалын Логи:

Баруун хилийн зэвсэгт тулгаралтын үеэр хүч нэмэгдүүлэх ажиллагаанд оролцож, хилийн цаана тусгай үүрэг гүйцэтгэж байжээ. 1948-19450 онд Баруун хил дээр байлдагч, бага дарга, дунд офицер цолтойгоор албан үүргээ гүйцэтгэсэн.   Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор хоёр удаа, Ардын хувьсгалын болон бусад ойн медалиудаар шагнуулжээ.

 

Leave a Reply

  • Facebook