ТҮЙМЭРТ ӨРТСӨН ИРГЭДЭД ТУСЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА

 

Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд гарсан хээрийн түймрийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан бөгөөд Улаанбаатар хот дахь Сүхбаатар сумын Нутгийн зөвлөлөөс албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд хандан тусламж, дэмжлэг үзүүлэхийг уриалжээ. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт Сүхбаатар сумын Нутгийн зөвлөлөөс ирүүлсэн уриалгад “Сүхбаатар суманд учирсан байгалийн гамшиг асар их хор, хохирол дагуулж байна. Ийм хүнд хэцүү үед Та бүхний хандив, тусламж нутгийн иргэдэд сайхан сэтгэлийн өглөг болон очно. Гамшигт өртсөн айл өрх, иргэдэд туслахыг сайхан сэтгэлт ахан дүүс Та бүхэндээ уриалж байна” гэжээ. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг Дарамын шандад Дорнод аймгийн Булган сумаас орж ирсэн хээрийн түймэр Сүхбаатар сумын төв рүү 1-3 км, Баруун-Урт хот руу 20 орчим км ойртож, Улсын Онцгой комисс, аймгийн Онцгой комисс, Сүхбаатар сумын Онцгой комисс, 0338 дугаар ангийн бие бүрэлдэхүүн шуурхай ажиллан, цурамд оруулж унтраасан. Сүхбаатар сумын нутгийн 90 гаруй хувь түймэрт өртөж, 9 хүн галд түлэгдсэнээс 1 настай охин, ээж, аавын хамт Улаанбаатарт хүргэгдэн, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн тасгийн эрчимт эмчилгээнд эмчлүүлж байна. Мөн 25 айлын гэр, 3300 гаруй мал, 5 мотоцикль шатсан урьдчилсан мэдээ гарчээ. Түймэрт өртсөн Сүхбаатар сумынханд туслахыг хүсвэл  Чингэлтэй дүүргийн Онцгой комисст хандаж болно.

 

Leave a Reply

  • Facebook