ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ГАНБОЛД ТАТВАР ТӨЛӨГЧДӨД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ

 

                                                                                                                                            

Нийслэл Улаанбаатар хотын хойморт орших Чингэлтэй хайрханаараа овоглосон Чингэлтэйчүүддээ, дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, иргэд, татвар төлөгч Та бүхэндээ Татвар төлөгчдийн өдрүүдийн мэндийг хүргэе.

Энэ өдрүүдэд татвар төлөгчдөд Татварын тухай хууль, тогтоомжуудыг танилцуулж, сурталчилж, ажлынхаа үр дүнг тайлагнаж, шилдэг татвар төлөгчдийг шалгаруулж, урамшуулдаг уламжлалтай билээ.

Татвар буй дор төр буй, төр буй дор татвар буй гэдэг.

Чингэлтэй дүүргийн төр, захиргааны байгууллагаас 2015 оныг “Гэр хороодын хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. Чингэлтэй дүүрэгт 2015 онд улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар Хүүхдийн эмнэлэг, 10 цэцэрлэг бүтээн байгуулахаар төлөвлөсөн. Хүүхдийн эмнэлэг, хүүхдийн амбулатори ашиглалтад орсноор Чингэлтэй дүүргийн 50 мянга гаруй хүүхэд багачууд эрүүл саруул өсч, 10 цэцэрлэг баригдсанаар сургуулийн өмнөх боловсролын 5000 орчим багачууд цэцэрлэгт хүмүүжих боломж бүрдэх юм.

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс 2015 оны нэгдүгээр улирлын байдлаар төсвийн орлогын 23.5 хувь, орон нутгийн төсвийн 29.4 хувь, нийслэлийн төсвийн 18.9 хувь, улсын төсвийн 25.8 хувийг төвлөрүүлээд байна.

2014 онд Орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн татвар төлөгч аж ахуйн нэгж байгууллагууд, иргэдийн татварын орлогоос дүүргийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтад 22.6 хувийг, хот, тохижилтод 36.3 хувийг зарцуулсан бөгөөд “Ногоон дүүрэг” болох зорилтод үр дүнгээ өгсөн.

Нийслэлийн Аудитын газраас Чингэлтэй дүүргийн 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг холбогдох хууль, Сангийн сайдын баталсан заавар, журам, улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу материаллаг алдаагүй, үнэн зөв илэрхийлэгдсэн гэж дүгнэн “Зөрчилгүй санал,дүгнэлт ” үнэлгээ өгсөн. Чингэлтэй дүүрэг 2010, 2011, 2013 онд “Зөрчилгүй санал, дүгнэлт үнэлгээ” авч байсныг дурдахад таатай байна. Энэ бүх амжилтын цаана татвар төлөгч Та бүхний ажлын үр дүн байдаг билээ.

Чингэлтэй дүүргийнхээ хөгжил цэцэглэлт, хүүхэд, залуусынхаа ирээдүйн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулж буй татвар төлөгч Та бүхний ажил үйлс өөдрөг, амжилт бүтээл арвин , эрүүл энх, аз жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА                               ДАВААГИЙН ГАНБОЛД

Leave a Reply

  • Facebook