ЕРӨНХИЙ САЙД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН БИЗНЕС ИНКУБАТОР ТӨВД ЗОЧИЛЖ БОЙЖИГЧИДТОЙ УУЛЗЛАА

2012 онд Жижиг дунд үйлдвэрийн сангаас нийт 106 аж ахуй нэгжид 2,9 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Харин Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн бичил зээлд 7630 аж ахуй нэгж, нөхөрлөл хамрагдаж 19,1 тэрбум төгрөгийн зээл авсан бол 211 төслийн 700 хүнд нийт 703 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг өгчээ. Эдгээр зээл, санхүүгийн дэмжлэг бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжиж байгаатай Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр танилцаж, хөдөлмөр эрхлэгчид болон Чингэлтэй дүүргийн Бизнес инкубатор төвд бойжигчидтой уулзлаа.

a48     a49

Тус Бизнес инкубатор төвд хийж бүтээе, зүтгэе гэсэн эрмэлзэл, чин хүсэлтэй хүмүүс дүүргийнхээ энэ төвд ханддаг. Чингэлтэй дүүргийн Бизнес инкубатор төвд 19 бойжигч байгаа бөгөөд дэмжлэг авсан 600 орчим хүндээ зөвлөгөө өгч ажилладаг байна.

Ажлын байр хямд түрээслүүлж, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлж ажиллах хүч олж өгөх, сургалтад хамруулах, үзэсгэлэн худалдаанд зуучилж бүтээгдэхүүнийг нь сурталчлах зэрэг үйлчилгээг энэ төвийнхөн үзүүлдэг. Энд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 5-10 сая төгрөгийн зээл болон 2-4 саяын  дэмжлэг авсан хүмүүс үйлдвэрлэлээ явуулдаг ажээ. Ийм боломжийг Засгийн газар, Хөдөлмөрийн яамнаас олгож байна. Тиймээс хичээж зүтгэж ажиллахыг Ерөнхий сайд тэднээс хүсч байлаа.

a50     a51

Инкубаторт хоёр жил бойжсон аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд сурталчлах, борлуулах ажиллагаа хэрэгтэй байгаа талаар иргэд хэлсэн юм. Тухайлбал, иргэн Д.Эрдэнэчимэг тус төвд өнгөрсөн оны 11 дүгээр сард үндсэн бойжигчоор элсчээ. Бээлий сүлжих, бэлэн болгогч нийт 17 машин Хятадаас оруулж ирээд ажлын болон ноосон бээлий үйлдвэрлэж байна. Өдөрт 1000 ширхэг бээлий үйлдвэрлэх хүчин чадалтай, хөвөн даавуун утсаар нэхсэн, зузаан, өмсгөл томтой бээлийгээр томоохон үйлдвэрийн газруудыг хангаж ажиллаж чадна гэдгээ Д.Эрдэнэчимэг Ерөнхий сайдад танилцуулав.

Ноос, ноолуур, оёмол, сүлжмэл эдлэл, эсгий болон ширэн гутал, таавчиг, ажлын болон сурагчийн хувцас, плитаны цавуу, заамаск зэрэг монгол брэндүүд зах зээлд гарахаар инкубаторт бойжиж байгаатай Ерөнхий сайд танилцаад чанар, өнгө үзэмж сайтай, үнэ хямдтай эдгээр бүтээгдэхүүнийг борлуулах зах зээл хэрэгтэй. Энэ  асуудлаар Засгийн газар анхаарч, хөдөлмөрч, ажилсаг иргэдээ дэмжиж ажиллана гэдгээ мэдэгдлээ.

Leave a Reply

  • Facebook