АХМАД ДАЙЧИН С.ЛХАМЖАВ: ДАЙНЫ ҮЕД ХОЛБООЧИН, ТАГНУУЛ ХОЁР ЧУХАЛ ГЭЖ ЯРЬДАГ БАЙЛАА

1939 оны Халх голын дайнд оролцсон ахмад дайчин С.Лхамжавт Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ үеэр ахмад дайчин С.Лхамжавтай ярилцлаа.

-Та хэдэн онд цэрэг татагдав. Халх голын дайны үед ямар үүрэг гүйцэтгэж байв?

-Би Баянхонгор аймгийн БаянбулаГ суманд 1920 онд төрсөн. 1938 онд 18 настайдаа цэрэгт татагдаж Баянтүмэнд одоогийнхоор бол агаарын довтолгоог эсэргүүцэн хамгаалах их бууны ангид холбоочин, 1939 оны хавар Холбооны ангид жагсаалын дарга, Тасгийн дарга, 1942, 1943 онд Агтны дарга байв. Дайны үед тагнуул, холбоочин хоёр чухал гэж ярилцдаг байлаа.

-Дайны цаг үе учраас амь дүйсэн тохиолдол олон биз?

-Нэгэн явдлыг сайн санаж байна. 1939 оны зургадугаар сард юм. Японы тагнуулын урт хошуутай онгоц гурван өдөр Баянтүмэн орчмоор эргэлдсэн. Оросын цэргийн ангийн жижигэвтэр хоёр онгоц Японы онгоцыг зүүн тийш хөөж, тун удалгүй сөнөөсөн. Түүнээс хойш удаагүй Өвөрхангай аймгийн Хасбаатар гэдэг наводчик цэрэг “Японы онгоцнууд ялаа шиг гараад ирлээ” гэж хашгирсан. Японы хөнгөн бөмбөгдөгЧ 60 онгоц Баянтүмэнгийн 13-ын толгойг зэрэг бөмбөгдсөн. Тэдний дараа Японы хүнд бөмбөгдөгч 14 онгоц баруун талаас нь тойрч гэнэдүүлэн довтолж, маш их хохирол учруулсан юм.

-Тийм үед холбоо тасрах тохиолдол элбэг гардаг байх. Цэргийн хүн даргын тушаалыг биелүүлэх ёстой?

-Японы 74 онгоц бөмбөгдөж байхад тэр дундуур би даргынхаа тушаалыг биелүүлж явсан. Хэрлэн голын өмнө Бойны толгой гэж байсан. 2 цэрэг харуулд гардаг. Японы онгоц бөмбөгдөх үеэр холбоо тасарч, хоёр цэрэг амьд, үгүйг мэдэх аргагүй болсон. Ангийн дарга намайг дуудаж, Хэрлэн голыг гаталж, 2 цэргийн байгаа газар оч. Холбоо тасарсан бол утсыг залга, цэргүүд амьд байвал тушаал өг гэсэн. Хэрлэн гол үертэй. Би мориороо гарамгүй газраар хөвж, голыг туулаад очиход 2 цэрэг амьд, холбоо нь тасарсаныг утсыг нь залгаж, үүрэг өгөөд буцлаа.

Эргээд очтол 13-ын толгойг Японы онгоц бөмбөгдсөн. Тэнд манай 2 цэрэг холбоо тасарлаа гэсэн тушаал аваад дахиад явлаа. Онгоцноос хаясан бөмбөг гэрийн буурин чинээ газрыг эгц доош нь өрөмдсөн юм шиг болгоод дэлбэрдэг юм билээ. 13-ын толгойд харуулд гарсан 2 цэрэг өмнө хайрга авч байсан жалганы мухарт нуугдаж амьд үлдсэн байсан. Тасарсан холбоог нь залгаж өгөөд буцлаа. Энэ мэт амь дүйсэн үе олон байлаа. Дайсны 74 онгоц Баянтүмэнг бөмбөгдсөний дараахан маршал Х.Чойбалсан, залуу жанжин Лхагвасүрэн нар ирсэн. Тун удалгүй би Агтны даргаар томилогдсон.

-Та хэдэн онд цэргээс халагдав?

-1938 онд цэрэгт татагдаад 1941 онд халагдах байв. Гэтэл ЗХУ руу Гитлерийн германчууд 1941 оны зургадугаар сарын 22-нд довтолсон. Халагдах хугацаа мэдэгдэхгүй байсаар 2 жилийн дараа 1943 онд цэргээс халагдлаа.

Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор 2 удаа, Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор 1 удаа шагнагдсан.

1945 онд Чөлөөлөх дайнд оролцохоор түр цэрэгт татагдаж Баянхонгор аймгийнхаа төвд ирлээ. Тэндээсээ Улаанбаатар руу гарч одоогийн Төв аймгийн Эрдэнэсант сум орчимд явах үед “дайн дууслаа” гэсэн мэдээ ирж нутаг руугаа буцсан даа.

-1939 оны Халх голын дайнд Зөвлөлт-Монголын цэргүүд хамтарч ялалт байгуулж, улмаар 1945 оны Чөлөөлөх дайнаар дэлхийн 2 дугаар дайн дууссан гэдэг. Залуустаа хандаж сургаал айлдана уу?

-Зөвлөлт, Монголын цэрэг Японы олон жил бэлтгэсэн асар өргөн фронттой 1939 онд дайн хийсэн юм шүү дээ. 1939 оны Халх голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайнд ялаад Монгол, Оросгүй л баяр хөөр болцгоож байлаа. Амь, бие үл хайрлан тулалдаж хамгаалж үлдсэн Тусгаар тогтнолоо хойч үеийн залуус маань улам батжуулж, хүн бүр Монгол Улсынхаа хөгжил дэвшилд өөрийнхөө хувь нэмрийг оруулаарай гэж хэлэх байна.

-Чингэлтэй хайрханы бэлд цэцэрлэгт хүрээлэн байгуулж дүүргийн удирдлагаас Чингэлтэй хайрханы иргэдийнхээ санал, хүсэлтээр тайж, тахьдаг уламжлалыг сэргээж байгааг та дуулсан байх?

-Чингэлтэй хайрханы тайж, тахьж уламжлалаа тогтоож, сэргээж байгааг дуулаад сайхан ажил гэж баярлаж байна. Өвөө нь Улаанбаатар хотын дөрвөн зүгт байх хайрхануудаа шүтнэ, тэр дундаас Чингэлтэй хайрханаа жигтэйхэн их шүтдэг. Чингэлтэй хайрхандаа өдөрт 2 удаа мандал өргөдөг. Өгөөжөө өгдөг хайрхан. Чингэлтэй хайрханы бэлд мод тарьж, ургуулж байгааг дуулсан. Өвөө нь очиж мод тарина.

Leave a Reply

  • Facebook