ХҮҮТЭЙГЭЭ ХАМТ БАЙЖ ЦЭРГИЙН АМЬДРАЛТАЙ ТАНИЛЦЛАА

Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө энхийн манаанд зогсож буй цэрэг эрсийн баярын өдөр би 015 дугаар ангид цэргийн алба хааж буй хүүтэйгээ уулзахаар Чингэлтэй дүүргийн Цэргийн хэлтсийн дарга хурандаа Ж.Мягмаржав. Тамгын газрын дарга Д.Мөнхбат, Цэргийн хэлтсийн ажилчдын хамт явлаа.

a80      a81

Энэ хоёр байгууллага хамтарч ажилладаг болохоор уламжлал ёсоор “Эх орны хүү” болсон хүүхдүүддээ цэргийн баярын мэнд хүргэж бэлэг гардуулсан юм. Энэхүү үйл ажиллагаанд би эцэг эхийн төлөөлөл болон оролцож, цэргийн амьдралтай богинохон хором ч болов танилцаж, хүүтэйгээ уулзсан болохоор надад үнэхээр сайхан байлаа.

Хүү минь шашны сургуульд суралцаж байсан боловч өөрийн хүсэлтээр цэргийн албанд мордсон юм. Ёстой л зохиолч Тангад гуайн хэлснээр “Хил манаагүй хөвгүүнийг эр гэдэг юм уу?” гэсэнчлэн цэргийн алба хааж, тэсвэр хатуужил, ухаанд суралцаж байгаад нь талархаж байна.

Ангийн захирагч Түмэнжаргал биднийг хүлээн авч ангийнхаа үүсэл хөгжил, үйл ажиллагаатайгаа танилцуулж, дурсгалын зураг татуулсан.

Хүүтэйгээ хамт суугаад цэргийн хоолноос идэхэд сэтгэл хөдлөөд хоолоо ч идэж чадахгүй байлаа. Үнэндээ ч би цэргийн хоолыг ийм амттай гэж огтхон ч бодоогүй.

a82     a83

Ийнхүү хэсэгхэн хугацаанд ч болов хүүтэйгээ хамт байж цэргийн амьдралтай танилцсан. Энэ сэтгэгдлээ та бүхэнтэй хуваалцаж байгаадаа баяртай байна.

Эх орныхоо дуудлагаар эр цэргийн албанд татагдсан Энхрий үрс чинь алба хаагаад сайн байна аа гэдгийг ээж аав ар гэрийнхэнд нь уламжлахад таатай байна.

Үе үеийн халуун эх орончдын үргэлжлэл болсон цэргийн алдар мөнхөд бадрах болтугай.

015 дугаар ангийн байлдагч Ялалтын Дашжамцын ээж Т. Отгон

 

 

Leave a Reply

  • Facebook