“МОНГОЛ ЦЭРГҮҮД “КАТЮША”,”ДЕНЬ ПОБЕДЫ”-Г ТӨРӨЛХ ХЭЛЭЭР НЬ ДУУЛАХАД ОРОСУУД МАШ ИХ ОМОГШИЖ БАЙСАН”


Агуу эх орны дайны ялалтын 70 жилийн ойн парадад оролцсон Монгол цэргийн багт Чингэлтэй дүүргийн иргэн, хугацаат  цэргийн 2 албан хаагч багтсан юм.  Тэднийг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг дарга Д.Ганболд нар хүлээн авч, хүндэтгэсэн.  Б.Гантулга Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, О.Гүен 7 дугаар хорооноос 2014 оны 1 дүгээр ээлжээр татагдаж  Зэвсэгт хүчний 032 дугаар ангид хуваарилагдаж, Хүндэт харуулын тусгай ротод Б.Гантулга,  түрүүч, О.Гүен дэд түрүүч цолтойгоор албаа хаасан юм. Тэдэнтэй ярилцлаа.

– ОХУ-ын Улаан талбайд парадад оролцох албан хаагчдыг сонгоход ямар шалгуурыг голчлосон бэ?

-2015 оны 2 дугаар сараас бэлтгэл эхэлсэн. Парадад оролцох албан хаагчдын биеийн өндөр, эрүүл мэнд, нүүр царай зэргээр шалгуур тавьсан. Гурван сарын бэлтгэлийг Монголдоо хангаад ОХУ-ын Москва хотын Улаанталбайд болсон Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойн парадад оролцсон.

-Парадад оролцохоос өмнө хэдэн удаа нэгдсэн бэлтгэл хийв?

-ОХУ-ын нийслэл Москва хотоос 50 орчим км зайтай цэргийн баазад байрласан. Нэгдсэн бэлтгэлийг хоёр, шөнийн бэлтгэлийг 3 удаа хийсэн.

05

-Хүн бүхэнд тэр тусмаа цэргийн мөрдэстэй албан хаагчдад ховор олдох боломж Та бүхэнд олдсон гэж олон хүн бодож байгаа болов уу?

-Эх орны дайны ялалтын 70 жилийн ойгоор Улаанталбайд болсон парадад 16 мянган цэрэг, дайчид жагссан. Тэдний дунд Монгол Улсын Зэвсэгт хүчний 70 гаруй төлөөлөл, түүний дунд хугацаат цэргээс орсон 5 албан хаагчийн нэг нь болж чадсандаа омогшиж байлаа. Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргээс О.Гүен бид хоёр. Сонгинохайрхан дүүргээс нэг, Хэнтий аймгаас хоёр цэрэг явсан.

-ОХУ-ын түүх дурсгалын газруудтай Монгол цэргүүдийг танилцах боломж олгосон гэсэн?

-Москва хотод дэлхийд 1 дүгээрт бичигддэг Цэргийн музей байдаг юм билээ. Түүнийг сонирхсон. Бас танкийн музей үзэх боломж олдсон. Цэргийн музейд нь Монгол Улсын цэргийн одон медаль, зураг ч байх жишээтэй.

-Зэвсэгт хүчний 032 дугаар ангиас хугацаат цэргийн албан хаагчдаас гадна офицерууд нь парадад оролцож, удирдаж байсан?

-Парадад оролцох бүрэлдэхүүний ротын даргаар 032 дугаар ангийн захирагч хурандаа Л.Батболд, тугчаар 032 дугаар ангийн ахлах дэслэгч Баярцогт нар явсан. Парадад оролцсон бие бүрэлдэхүүнийг бэлтгэхэд гүн туслалцаа дэмжлэг, заавар, зөвлөгөө өгсөн Зэвсэгт хүчний Жанжин штабын Хүний нөөцийн ахлах мэргэжилтэн дэд хурандаа Хаш-Эрдэнэд талархал илэрхийлье. Миний өвөө хошууч генерал Г. Түмээ. Өвөөгийн том хүү хошууч Алдар. Би Хошууч Алдарын зээ хүү болдог юм.

О.ГҮЕН: “КАТЮША”, “ДЕНЬ ПОБЕДЫ” ДУУГ ТӨРӨЛХ ХЭЛЭЭР НЬ ДУУЛАХАД ОРОСУУД МАШ ИХ ОМОГШИЖ БАЙСАН

  • ОХУ-д Дэлхийн 2 дугаар дайны ялалтын 70 жилийн парадад оролцоод ирлээ. Хүмүүсийн хандлага ямар байна вэ?

-Эх орондоо Улаанбаатарт ирээд утас, фэйсбүүк зэргээ үзэхэд маш олон танилтай болсон, баяр хүргэсэн, бахархсан, урамын үг хайрласан зурвасууд их байсан. Хүмүүсийн хандлага өөр болсон санагддаг.

-Парадад оролцсон гадаадын цэргүүдтэй Монголын Зэвсэгт хүчний төлөөллийг харьцуулбал аль нь илүү, хаана нь яваа санагдав?

-Бид хоёрын хувьд хамгийн шилдэг жагсаалч, алхаа, гишгээтэй нь Монголын Зэвсэгт хүчний төлөөллүүд байсан л гэж хэлнэ. Бусадтай харьцуулж хардаг юм билээ. Монгол цэргүүдийн алхаа хүнд техниктэй нь анзаарагдсан.

-Монголын Зэвсэгт хүчний төлөөлөл болсон бие бүрэлдэхүүнд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд нь тусгайлан хүндэтгэл үзүүлсэн гэж сонссон?

-ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал Сергей Шойгу эх орны дайны ялалтын 70 жилийн ойн медалийг бидэнд гардуулж өгсөн. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарлигаар Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулж тусгайлан хийсэн медаль юм билээ.

ОХУ-ын жирийн иргэд Монгол цэргүүдэд хандах хандлага ямар байна вэ?

–Жирийн орос иргэд Монгол цэргүүдэд маш хүндэтгэлтэй хандаж, халуун дотноор хүлээн авсан гэж хэлнэ. Энэ цэргийн багийн салааны захирагч Зэвсэгт хүчний Жанжин штабын Хүний нөөцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн дэд хурандаа Б.Хаш-Эрдэнэ парадад оролцох Монгол цэргүүддээ “День победы”, “Катюша”, “Смуглянка” гэсэн гурван дууг зааж өгсөн.

Бид бэлтгэлээ тараад буцах замдаа “День Победы”, “Катюша” зэрэг дууг жагсаалаараа дуулахад оросууд маш их баярлаж, алга ташиж, зураг авч, бичлэг хийж байх жишээтэй. Москва хотын гудамжаар, Улаанталбайгаас гарахда а“День Победы”, “Катюша” дууг төрөлх хэлээр нь дуулахад оросууд маш их огшиж байлаа.

........

-Бусад орны цэргүүд орос дуу дуулав уу?

-БНХАУ-ын цэргүүд “Катюша” дууг орос хэлээр дуулсан. Гэхдээ Монгол цэргүүд дуулсан шиг байгаагүй. Аялга нь өөр.

-Эх орондоо ирэхэд батлан хамгаалах салбарын төлөөлөл бие бүрэлдэхүүндээ баяр хүргэж байсан?

-Зэвсэгт хүчний Жанжин штабындарга дэслэгч генерал Ц.Бямбажав парадад оролцсон бие бүрэлдэхүүнд баяр хүргэж, талархал гардуулсан. Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ж.Даваарагчаа нарт талархал илэрхийлье. Бид хоёр Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойн медальтай зэрэгцүүлж, Чингэлтэй дүүргийнхээ хамгийн том шагнал “Хүндэт тэмдэг”-ийг зүүсэндээ баяртай байна.

Leave a Reply

  • Facebook