ЧИНГЭЛТЭЙН АЛДАРТ ЭХЧҮҮД ХҮННҮГИЙН ҮЕИЙН ХИВСЭН ДЭЭГҮҮР АЛХАЖ, ЦАГААН ДАРЬ ЭХ, ЯЗГУУРЫН 5 БУРХНААС СЭТГЭЛИЙН АВШИГ ХҮРТЖЭЭ

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдын санаачлагаар Өндөр гэгээн Г.Занабазарын мэндэлсний 380 жилийн ой тохиож буй 2015 онд түүний нэрэмжит  Дүрслэх урлагийн музейн өмнөх талбайг дүүргийн хөрөнгө оруулалтаар шинэчлэн тохижуулж, Хүннүгийн үеийн “хивс”-ийг   сийлбэрлүүлж дууссан байна.

Монголчууд хамгийн хүндтэй зочноо цагаан эсгий дэвсэн угтдаг уламжлалаар Чингэлтэй дүүргийн удирдлагууд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн өмнө сийлбэрлэсэн “Хүннү”-гийн үеийн “хивсэн” дээгүүр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх”-ийн одон хүртсэн 276 ээжийг алхуулан, “Зээгт наамал”-н урлангийн танхимд одон гардуулах хүндэтгэлийн арга хэмжээг 5 дугаар сарын 31-нд зохион байгуулжээ.

Мөн “Алдарт эх” 1, 2 дугаар зэргийн одон хүртсэн ээжүүдэд Г.Занабазарын бүтээсэн авшигт бүтээлүүдээс мэлмий, сэтгэлийн адислал хүртэж, “Цагаан Дарь Эх”, “Язгуурын таван бурхан”-ны өмнө гэр бүл, ээж, аав, ахан дүүстэйгээ дурсгалын зураг татуулах ховор боломж тохиосон аж.

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн өмнө Монголдоо анхдагч болж, Чингэлтэйчүүдийн урласан, Хүннүгийн үеийн хивс нь мянга мянган жилээр өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн түүхийн дурсгалыг шингээсэн, залуу үеийнхэнд Монголынхоо өв соёлыг сурталчлах, таниулах, өвлүүлэн үлдээх, эрхэмлэн дээдлүүлэх зорилготой гэдгээрээ бусад бүтээн байгуулалтаас эрс ялгаатай байж үнэ цэнээ үеийн үед хадгалахаар бүтээл болсноороо онцлогтой гэдгийг зарим судлаач хэлж байгаа юм.

ОХУ-ын “Эрмитажи”-д эх хувь нь хадгалагдаж буй  Хүннүгийн үеийн эсгий “хивс”-ний түүхээс товчлон өгүүлэхэд Оросын эрдэмтэн Козловын удирдсан Монгол-Түвдийн экспедиц 1924 онд малтсан, Ноён уулын зургадугаар булшнаас гарсан Хүннүгийн үеийн эсгий ширдэгт ан, араатны дүрсийг урнаар зээглэн урласан байдаг. Төв хэсэг нь үүлэн хээтэй түүний гадна талаар нарийн зурвас бэл хээтэй, гадуур хүрээ нь зууван дөрвөлжин хээтэй. Энэ эмжээрийн дотор талаар сарлаг, буга, дэлтэй боловч сүүл, биеийн байдал бартай адил араатан, мөн чих толгой нь араатан мэт авч далавч, сүүлтэй амьтдыг ноцолдуулан дүрсэлж чимэглэжээ. Уг “хивс”-ийг унаган төрхөөр нь Дүрслэх урлагийн музейн өмнө талбайд мөнхжүүлсэн байна.

 

Leave a Reply

  • Facebook