ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ХОРООДОД АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас хороодод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, төрийн үйлчилгээг иргэнд түргэн шуурхай хүргэх, хороодын хөгжлийг дэмжих зорилгоор дүүргийнхээ хороодод ажиллаж эхэллээ.

Энэ ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга болон харъяа хэлтэс албадын дарга, мэргэжилтнүүдийн хамт 19 дүгээр хороонд өнөөдөр ажиллалаа.

a114      a115

19 дүгээр хороо нь 12 мянга гаруй хүн амтай тус дүүргийн хамгийн том газар нутагтай хороодын нэг юм. Энэ үеэр тус хорооны дарга Алимаа ажлаа танилцуулж, шийдвэрлэхэд тулгамдаад байгаа асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, үерийн ам, далан дээл болон гудамжны орц гарц хаасан, зуслангийн газарт зөвшөөрөлгүй буусан айлуудын нөхцөл байдлыг газар дээр нь үзүүлэв. Мөн тус хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр голын ай сав газарт эсгийний үйлдвэрлэл эрхлэн хөрс, ус, эргэн тойрныхоо айлуудын агаар, орчныг бохирдуулж байгааг цэгцлэх, зуслангийн газарт суурьшлын байдлаар амьдарч буй өрх, иргэнийг бүртгэлжүүлэх, нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулах ажил орхигдоод байгааг дурдаж байлаа.

a116      a117

Түүнчлэн зуслангийн бүс нутгийг хамгаалах, морин эргүүл, эко эргүүлийн ажлыг эрчимжүүлэх, цалинжуулах, мал бүхий иргэдийг хуулийн хүрээнд арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг албаны хүмүүст мэдээллээ.

Ийнхүү хороодын үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлын хүрээнд хийсэн уулзалтаас дараах арга хэмжээ авч ажиллахыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Мөнхбат холбогдох газар, хэлтсийн дарга, н мэргэжилтнүүдэд үүрэг болголоо. Үүнд:

-Өрхийн эмнэлгийн орон тоог нэмэгдүүлэх, байрны асуудлыг шийдвэрлэх ингэснээр иргэдийг цаг алдалгүй анхан шатны үзлэг, оношлогоонд хамруулах бололцоог бий болгох,

-Хүүхдэд зориулсан спорт болон тоглоомын талбайг байгуулах, газрын асуудлыг шийдвэрлэх

-Зуслангийн айлуудын цэвэр усны худгийг хамгаалалтад авах, аюулгүй байдлыг хангах.

-Дүүргийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн бүтээн байгуулалтыг эзэнжүүлэх,

-Замын гэрэлтүүлгийг энэ оны 4 дүгээр сарын 1-ний дотор шийдвэрлэн, гэрлийн шон бүрийг айл өрхүүдэд хүлээлгэн өгч хариуцах эзэнтэй болгох ажлыг зохион байгуулах

-Үерийн аман дээр буусан айл өрхүүдийн асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх, даланг байгуулах ажлыг шуурхайлах

-Зам дагуу байрлуулсан рекламны самбаруудыг энэ долоо хоногт багтаан буулгах

-Зуслангийн айлуудын дунд байрлуулсан хогийн бункерийг стандартын дагуу шинэчлэх, эко эргүүл хийгчдэд хариуцуулан өгөх ажлыг 5 дугаар сарын нэгнээс эхлүүлэх

-Ар согоот, Жигжидийн зуслан хүртэлх автобусны буудлыг сунгах, автобус явах давтамжийг нэмэгдүүлэх, зуслангийн чиглэлийн авто зам шинэчлэх асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэх

-Мал бүхий иргэдийг оруулж ирэхгүй байх талаар анхааруулга бүхий самбарыг зохих газруудад байршуулах, одоо байгаа мал бүхий иргэдийн асуудлыг хуулийн хүрээнд газрын албатай хамтран шийдвэрлэх,

-Газрын зөвшөөрөлгүйгээр буусан айл болон албан байгууллагуудад холбогдох газар хэлтсүүд хамтран үзлэг шалгалт хийж асуудлыг шийдвэрлэх,

-Газар олголт, төлөвлөлтийн асуудал маш хангалтгүй явж ирснийг зогсоох, цэгцлэх арга хэмжээг нэн даруй эхлүүлэх

-Ахуйн болон ойн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг онцгой байдлын алба анхаарч ажиллах,

-Хэлтэс албадууд өөр хоорондоо мэдээллээ солилцож үйл ажиллагаагаа уялдуулахыг үүрэг болгов.

Хороодын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх энэ ажилд дүүргийн Газрын алба, Мэргэжлийн хяналт, Цагдаа, Онцгой байдал, Иргэний бүртгэл, ТҮК, Нийгмийн хэлтэс, Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс зэрэг харьяа газар хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцсон юм.

Ийнхүү долоо хоног бүрийн Мягмар, Баасан гаригт хороодод ажиллаж, тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар дараагийн долоо хоногийн Лхагва гариг бүрт дахин авч хэлэлцэх байхаар тогтлоо.

Leave a Reply

  • Facebook