Ө.ЭРХЭМБАЯР: УЛСЫН АВАРГААС АЛТАН МЕДАЛЬ АВАХ Л ДУТУУ БАЙНА

 

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Улсын аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнд Чингэлтэй дүүргээ төлөөлөн оролцох баг, тамирчидтай 6 дугаар сарын 16-нд уулзаж, амжилт хүслээ.

Дүүргийн Биеийн тамир, спорт хорооны зааланд болсон арга хэмжээнд Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Я.Орломсүрэн нар оролцлоо.

Дүүргийн Засаг дарга Д.Ганболд баг, тамирчдад амжилт хүсээд дүүргийн зүгээс Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг, тамирчдын замын зардал, Эрдэнэт хотод очоод байрлах байр, хоолны зардлыг Засаг даргын Тамгын газраас шийдвэрлэж байгааг дуулгаад, ирэх долоо хоногт дүүргийн Засаг даргын хувиар дүүргийнхээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзаж,   санал бодлыг нь сонсоно гэдгээ хэллээ.

Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гар бөмбөгийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох, Чингэлтэй дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн багийн ахлагч Ө.Эрхэмбаяртай ярилцлаа.

-Та хэдэн жил дасгалжуулагч хийж байна вэ?

-Би дүүргийнхээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гар бөмбөгийн багийн тамирчнаар 3 жил болсон. 2015 оноос багийнхаа дасгалжуулагчаар ажиллаж байна. Манай гар бөмбөгийн баг өргөн бүрэлдэхүүнтэй.

-Гар бөмбөгийн улсын аваргын шалгаруулах тэмцээнд ямар бүрэлдэхүүнтэй оролцох вэ?

– Эрэгтэй, эмэгтэйчүүдийн хоёр багийн 15 тамирчин оролцоно. Бэлтгэлээ хангасан. 6 дугаар сарын 17-нд Эрдэнэт хотыг зорино.

-Өмнө нь хэдэн тэмцээнд оролцов. Ямар амжилт үзүүлж байв?

-Улсын аварга шалгаруулах тэмцээнд 8 удаа оролцож байгаа. Эмэгтэйчүүдийн баг 1 мөнгө, эрэгтэйчүүдийн баг 1 хүрэл, 1 мөнгөн медаль хүртсэн. Бидэнд Улсын аваргын алтан медаль л дутуу байна.

-Дүүргийн Засаг дарга Д.Ганболд та бүхнийг тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлэхээр боллоо?

-Харин тийм. Тиймээс л бид дутуу байгаа алтан медалиа авч, гар бөмбөгийн Улсын аварга болно гэцгээгээд байгаа юм. Үүний төлөө чадахаараа зүтгэнэ.

-Тэмцээнд оролцоход зардал мөнгөний асуудал хүнд байх?

-Тамирчид голчлон өөрсдөө зардлаа гаргана. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гар бөмбөгийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод болох нь тун ховор шүү дээ. Хөдөө орон нутагт, Орхон аймаг Эрдэнэт хотод голчлон болдог юм. Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийнхэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих тал дээрээ сайн учраас л тэнд болоод байдаг юм шиг санагддаг.

-Улсын аварга шалгаруулах тэмцээнд хэдэн баг тамирчин оролцдог вэ?

-Жил бүр өөр. Зарим нь замын зардал зэрэг хүндрэлээс болж бүртгүүлсэн ч оролцож чадахгүй үлдэх үе бий. 21 аймаг, Улаанбаатар хотоос хөгжлийг бэрхшээлтэй иргэдийн баг гар бөмбөгийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцдог юм.

IMG_0132

IMG_0109

Leave a Reply

  • Facebook