ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУДЫН ТАЛААР ИРГЭД ИНГЭЖ ЯРИВ

Чингэлтэй дүүргийн хэмжээнд дүүргийн Засаг дарга Д.Ганболдын санаачлага, дүүргийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн бүтээн байгуулалт олон.  Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн, 3 дугаар хорооны 13 дугаар байр болон 11, 12 дугаар байрны дундах машины зогсоолуудыг эко хавтангаар шинэчлэн засварласан. Эдгээр бүтээн байгуулалтын талаар иргэдийн сэтгэгдлийг сонслоо.

Шог зураач Д.Далайдээрх:

-Ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн өмнөх талбайг Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулсанд уран бүтээлчийн хувьд баяртай байдаг. Өглөөд Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнгээр алхана. Найз, нөхөд, уран бүтээлч андуудаа Явуугийн цэцэрлэгт урьж, хөөрөлдөх тохиолдол цөөнгүй. Олны хөлийн газар болсон шүү.

3 дугаар хорооны ахмад настан Төгсөө, Цогтоо

-Би Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт л өсч өндийсөн хүн. Энэ хавийг сайн мэднэ. Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг Чингэлтэй дүүргийн удирдлагууд барьж байгуулсаныг ч бас мэднэ. Ийм сайхан цэцэрлэгийг хайрлаж, хамгаалж л байх хэрэгтэй. Би Б.Явуухулангийн хүү Энхээтэй бага наснаасаа л үерхэж, нөхөрлөж явлаа. Тиймээс Явуухулан гуайг гадарладаг юм. Үсээ хойш нь гилийтэл самнасан, өндөр, туранхай, цэвэрхэн хүн байж билээ.

Ахмад настан Цогоо:

-Б.Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэн байгуулсан энэ орчмыг сайн мэднэ. 1950-1960-аад оны үед нарийхан гудамжтай тоос, шороо бужигнасан, хожим олон айлын хашаа хатгасан тийм л газар байв. Одоо бол өөрчлөгдөөд их сайхан болжээ. Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгуулаад ногоон байгууламжтай, тохилог сайхан орчныг дүүргийн удирдлагууд бүрдүүлсэн байна. Би энэ орчимд төрж, өссөн боловч одоо өөр газар амьдарч байгаа. Явуугийн цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжийг сонирхож ирсэн юм.

Чөлөөт уран бүтээлч Г.Даваасүрэн:

IMG_1930

-Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг анх баригдах үеэс нь андахгүй мэдэх юм. Тэр үед би харуулаар ажиллаж байлаа. Б.Явуухулангийн хөшөөг уран бүтээлч Хийморь урласан. Хөшөөг суурилуулах гэж байхад хэмжээг нь авахад туслаад явж байж. Гурван мөнгөн аяганаас эхлээд энэ орчимд бүтээн байгуулалт хэрхэн өрнөж байсныг би хувиараа зургийг нь авч, архивлаж, тусгайлсан альбом болгоод хадгалчихсан байдаг. Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнгийн орчмоор явахад сайхан дурсамж төрдөг юм.

Ахмад настан А.Пэрэнлэй:

-Би 3 дугаар хорооны 12, 11 дүгээр байрны дунд орших хүүхдийн тоглоомын талбай орчмыг цэвэрлэдэг юм. Хүмүүс амарч, зугаалахад таатай, тохилог орчныг бүрдүүлж, явган хүний замыг нь хүртэл тавьж өгсөн. Гэвч зарим иргэн бусдынхаа хийж, бүтээснийг хайрлаж, хамгаалах нь бүү хэл эвдэж сүйтгэж байгаад харамсдаг. Өглөө ажилдаа ирэхэд ойр тойронд архины шил, хог хөглөрсөн, хогийн савны доторх төмрийг нь хулгайлсан дүр төрх угтана. Зарим үед хогийн савыг шатаачихсан байдаг. Соёл л дутагдаж байна.

Ахмад настан Д.Ёндонжамц:

Манай хүүхдийнх 3 дугаар хорооны 13 дугаар байрны оршин суугч. Чингэлтэй дүүргээс байрных нь орчмыг явган хүний замтай, эко хавтангаар машины зогсоол бариад хачин сайхан тохижуулж өгсөн. Гэтэл шугам сүлжээний засвар хийх нэрийдлээр нэг хэсэг хүмүүс ирээд машины зогсоолын зарим хэсгийг ховхлоод ундуй сундуй болгосон байдалтай л байна” гэв. Энэ талаар дулааны шугам сүлжээний засварын ажил гүйцэтгэж буй “Багануур-Ус” компанийн албаны хүнээс тодруулахад “Дүүрэг, хорооны төлөөлөлтэй уулзсан. Манайх 7 дугаар сарын 7-нд засвараа дуусгахдаа машины зогсоол байсан хэсгийг буцаан засварлаж хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн” гэсэн юм.

IMG_1942

 

Leave a Reply

  • Facebook