ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ӨСВӨРИЙН ШИГШЭЭ БАГИЙНХАН 3 ДУГААР БАЙРТ ШАЛГАРЧЭЭ

БНСУ-ын Ансон хотноо болсон 3 дахь удаагийн Азийн өсвөрийн хөлбөмбөгчдийн дундах фестиваль 8 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд үргэлжилж  өндөрлөлөө.  Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн тамирчид тэмцээн эхэлсэнээс хойш нэг ч хожигдолгүй явсаар хамгийн сүүлд Пакистаны шигшээ багийн эсрэг тоглож 2:0 харьцаатай ялагдсанаар түрүүлэх боломжоо алдан 3 дугаар байрт бичигджээ.  Чингэлтэй дүүргийн Засаг  дарга Д.Ганболд Өсвөрийн шигшээ багийн тамирчдыг  фестивальд оролцохоос өмнө дасгалжуулагч-багшийнх нь хамт хүлээн авч уулзан, амжилт хүсч, тамирчин хүүхдүүдийн онгоцны тийзийн зардлыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас шийдвэрлэж өгч байгааг мэдэгдсэн юм. Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн хөлбөмбөгийн тамирчид чингэлтэйчүүдийнхээ итгэлийг алдахгүй амжилт үзүүлж, олон улсын багуудтай эн тэнцүү өрсөлдөн  Монгол Улсынхаа нэрийг олон улсад дуурсгаж байна.

Тэмцээний 12 хүртэлх насны ангилалд БНСУ-ын 19, Монголын дөрөв, БНХАУ-ын хоёр, Тайланд, Зүүн Тимор, Палестин, Балба, Камбож, Афганистан, Узбекистан, Пакистан, Энэтхэг, Бангладеш, Лаос, Тажикстаны тус бүр нэг, нийт 37 баг, 400 гаруй  тамирчин  өрсөлджээ. Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ баг нэгдүгээр хэсэгт БНХАУ-ын “Yinhe,” Пакистаны шигшээ баг, БНСУ-ын “Mokpo Yeonsan”, “Eunji”-тай учраа таарчээ. Азийн өсвөрийн хөлбөмбөгчдийн Фестивалийн эхний өдөр буюу 8 дугаар сарын 8-ны өдөр 12 хүртэлх насны ангиллын нэгдүгээр хэсэгт Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ баг БНХАУ-ын “Yinhe”-г 6:1-ээр хожиж, БНСУ-ын “Mokpo Yeonsan”-тай 0:0-ээр тэнцсэн байна. Хэсгийн аваргын  төлөө Пакистаны багтай тоглож 2:0 хожигдон хэсгийн аварга болох боломжоо алдсан ч гуравдугаар байр эзэлж Монгол Улсаас оролцсон дөрвөн багаас хамгийн өндөр амжилтыг үзүүллээ. Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийнхан Ансон хотын Чүн-Ан их сургуулийн 702 дугаар дотуур байранд байрлажээ. Өмнөх жилүүдэд хүчтэй өрсөлдөгч байсан Япон, Малайз, Кувейт, Туркменистан, Вьетнам, Йемен, Мьянмар, Киргизстаны шигшээ багийнхны төлөөлөл фестивальд оролцоогүй байна.

 

 

Leave a Reply

  • Facebook