ЧИНГЭЛТЭЙ ХАЙРХАНЫ ХҮНДЭТГЭЛ, ИРГЭДИЙН БАЯРЫГ НЭЭЖ ЗАСАГ ДАРГА Д.ГАНБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ

IMG_7771

Эрхэм хүндэт иргэд ээ, зочид төлөөлөгчдөө, Чингэлтэйчүүдээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн хөдөлмөрч ажилч хичээнгүй, эрхэм хүндэт иргэддээ болон уригдан ирсэн зочид төлөөлөгчид Та бүхэндээ Чингэлтэй дүүргийн Иргэдийн баярын халуун мэндчилгээг дэвшүүлье.

1992 оны 9 дүгээр сарын 18-нд Чингэлтэй дүүрэг байгуулагдсан бөгөөд жил бүрийн энэ өдөр дүүргийн туг далбааг Чингэлтэй хайрхандаа ёслол хүндэтгэл үзүүлэн мандуулж байхаар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 01 тогтоолд заасны дагуу Чингэлтэй хайрханаа тахиж, дүүргийнхээ иргэдийн баярыг хийхээр та, бид энд хуран цуглараад байна.  Манай дүүргийн Иргэдийн баярын арга энэ арга хэмжээнд одоогоос 23 жилийн өмнө Чингэлтэй дүүргийг Монгол Улсын Их Хурлын 18 дугаар тогтоолоор байгуулахад Чингэлтэй дүүргийн анхны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан Д.Тогтохжаргал, анхны Засаг даргаар ажиллаж байсан А.Зул нар урилгаар оролцож байгааг Та бүхэндээ мэдэгдэж, дүүргийнхээ иргэдийн нэрийн өмнөөс гал голомтыг маань анх бадрааж өгсөн энэ хоёр ахмад бууралдаа урт насалж, удаан жаргахын ерөөл дэвшүүлье.

IMG_7739

Их Монгол Улсын Эзэн Богд Чингис хааны алтан ураг, ард иргэд, Хөх толбот Монголчууд өвөг дээдсийнхээ үеэс эхлэн хэдэн зуунаар үе уламжлан тахиж, онголон шүтэн ирсэн Хан Хэнтийн нурууны салбар уул, Алтан тэвшийн хөндийн хойморт нар, хураа наадуулан, налайж мишээсэн Чингэлтэй хайрхан уулынхаа тайлга тахилгыг бид 17 дугаар жарны Хөхөгчин Хонин жилийн намрын дунд Хөхөгчин тахиа сарын Шинийн 5-ны Улаагчин тахиа лусын буулттай билигт сайн өдөр хийхээр товлож, Чингэлтэй хайрханыхаа тахилгын зан үйлийг төр, шашин, сүсэгтэн, хишигтэн, ард иргэдийнхээ бие, хэл, сэтгэлийн ариуслаар шүншиглэн аравнайлж, тахилгын үйлийг энэ сайхан өдрийн Морин цагаас эхлэн гүйцэтгээд ирлээ. Монголчууд бидний ухаант мэргэн өвөг дээдэс жилийн дөрвөн улиралд таван хошуу малаа адгуулан хөвч тайга, уул, ус, алаг цэцэгс, ан амьтад тэгширсэн, үзэсгэлэн төгөлдөр Чингэлтэй хайрхан уулаа түшин, шүтэн амьдарч, тайж, тахисаар ирсэн нандин уламжлалтай ард түмэн.

IMG_8055

Хүрээ дөрвөн уулын дунд “Их хүрээ”-г анх буурь сэлгэн голомт залахдаа “Ном барьсан эрдэмт багшийн савдагтай, гахай шавдагтай, “Цэнгэлт” хэмээх бэлэг дэмбэрэл сайхан нэртэй, түшлэгээ налан суусан эрдэмт лам, олон шавь нартаа ном айлдаж буй дүртэй энэ уулын энгэрт” гэж өвгөн шинжээчийн шинжиж товлосноор их хотын суурь тавигдаж, шаштар түүх нь эндээс эхэлснийг түүхчид нэгэнт нотолсныг бид мэднэ.

Чингэлтэй хэмээх энэ сайхан хайрхан уул нь найман зүгтээ буянт үйлийн босоо тавилантай, өглөг, даллагын цай, торгоны замтай, настан буурлууд, эхэс нялхаст ивээлээ хайрласан, эрдэмтэн мэргэд, лам, хуврагт бясалгал оюуны ухаарал бэлэглэсэн, ариун дагшин хайрхан билээ. Энэ ариун дагшин хайрханаа Чингэлтэйчүүд бид жилээс жилд тохижуулж, хайрлан хамгаалж, тахин шүтэж, хүндлэн бахархаж байх учиртай. Бид сүүлийн таван жилд Чингэлтэй хайрханы тахилгын овоог зураг төсөв гарган шинэчлэн засварлаж, Чингэлтэй хайрханы энгэрийн Нанжванданг хуучин шохойгоор будсан чулуу байсныг байгалийн цагаан боржингоор сольж, Салхитын амны эхэнд Эрдмийн цэцэрлэгт хүрээлэн байгуулж, тэнд 10000 гаруй мод тариад байна.

IMG_7691

Үүний зэрэгцээ дүүргийнхээ нутаг дэвсгэрт тохижилтын олон ажил хийснийг Та бүхэн маань харж, мэдэж байгаа.

Тусгаар тогтнолын үндэс суурь газар шороо гэдэг. Газар нутаггүйгээр эх орон, эх оронгүйгээр Тусгаар тогтнол гэж үгүй. Тиймээс ч Улаанбаатар хотын хоймор болсон Чингэлтэй дүүрэгтээ Тусгаар тогтнолын талбай, Тусгаар тогтнолын гэрэлт хөшөөг бүтээн босгож, өвөг дээдсийнхээ халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцэж авчирсан Тусгаар тогтнолоо улам бататган хойч үедээ сурталчилан мөнхжүүлж хүлээлгэн өглөө. Чингэлтэй дүүрэгт Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг 1 дүгээр хороонд, Эрдэнэсийн арал цэцэрлэгт хүрээлэнг 4 дүгээр хороонд, Ахмадын цэцэрлэгт хүрээлэнг 5, 6 дугаар хороодын дунд тус тус байгууллаа.

IMG_8489

Манай дүүрэгтэй хамтын ажиллагаатай БНТУ-ын Анкара хотын нэрэмжит гудамж, Бага тойруу, Ж.Самбуугийн гудамжны иж бүрэн тохижилтыг хийж, Ерөнхий боловсролын сургуулиудад биеийн тамирын талбай, хүүхдийн цэцэрлэгүүд, орон сууцны хорооллуудад орчин үеийн тоглоомын талбайнууд байгуулж, авто машины болон явган хүний замуудыг шинэчилэн сайжрууллаа. БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар 15 дугаар хороонд Хүүхдийн амбулатори, дүүргийнхээ хөрөнгө оруулалтаар 3 дугаар хороонд орчин үеийн шаардлагад нийцсэн, үндэсний өв уламжлалыг илтгэсэн шийдэл, хийц бүхий Хүүхдийн номын өргөөг тус тус барьж байгуулж, хүлээн авахад бэлэн болоод байна.

IMG_8483

Дүүргийн хөрөнгө оруулалтаар 7 дугаар хороонд 150 хүүхдийн ортой цэцэрлэг, нийслэлийн хөрөнгө оруулалтаар 5 дугаар цэцэрлэгийн өргөтгөл, шинэчилэлтийг хүлээн авч, 12, 16, 17 дугаар хороодод бага сургууль-цэцэрлэгийн цогцолборууд, улсын төсвйин хөрөнгө оруулалтаар 8, 16, 18 дугаар хороонд тус бүр нэг цэцэрлэг баригдаж байна. 16 дугаар хорооны Согоотын 45-46 дугаар гудамж болон 13 дугаар хорооны Сургуулийн-13 дугаар гудамжийг 12 дугаар хороотой холбосон жишиг авто зам, Чингэлтэй-Хайлаастыг холбосон зам тавих ажлыг дүүргийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэжээ.

IMG_8046

Дамбадаржаагийн уулзвар-Шадивлангийн шинэ уулзвар-Шарга морьтын төмөр бетон гүүр-Ханпгайт чиглэлийн 16.35 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийж байна. Чингэлтэй дүүрэг “Ногоон дүүрэг” болох зорилгодоо нийцүүлэн байгаль орчноо сэргээж, хайрлан хамгаалах үйлсэд Чингэлтэйчүүд маань хошуучлан идэвх санаачилгатай оролцож 2013-2015 онд 16 төрлийн 40.000 гаруй мод, бут тарьж, арчлан ургуулж байна. Энэ бүхэн маань дүүргийнхээ иргэдийн сайн сайхны төлөө Та бүхэндээ барьж байгаа бидний бэлэг юм. Цаашид энэ чиглэлээр Чингэлтэйчүүд та, бид олон төрлийн ажлыг санаачилан хийж, хэрэгжүүлнэ гэдэгт би итгэлтэй байна.

IMG_8123

Ингээд Чингэлтэй дүүргийн “Иргэдийн баяр”-ын ажиллагаа нээснийг мэдэгдье.

Их хайрханы маань лус савдаг, сүлд хийморь өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн эргэлтэд ариун дагшин байж, ард иргэд байгууллага, хамт олны мтнь хүсэл зорилго сэтгэчлэн бүтэж, түмэн олон Та бүгдийн минь буян заяа тэгш дүүрэн, эрүүл энх, аз жаргалтай байхын сүүн цагаан цацал өргөж ерөөл дэвшүүлье.

ЧИНГЭЛТЭЙЧҮҮДИЙН ШҮТЭЭН ЭРДЭНИЙН НОМИН ЧИНГЭЛТЭЙ ХАЙРХАНЫХАА ӨВӨРГТ ХАМТДАА ХӨДӨЛМӨРЛӨЖ, БҮТЭЭН БАЙГУУЛЖ ХӨГЖИЦГӨӨЕ

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА   Д.ГАНБОЛД

IMG_8351

IMG_8534

IMG_8136

IMG_8124

IMG_8413

IMG_8133

IMG_8101

Leave a Reply

  • Facebook