БАГШ НАРЫН БАЯРЫН “ЭРДМИЙН УУЛ” АРГА ХЭМЖЭЭГ НЭЭЖ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ГАНБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ

04---33

Сайн байцгаана уу? эрхэм хүндэт багш нараа,

Аугаа их түүхийг бүтээгч, ирээдүйн дэлхийн манлайлагчдыг төрүүлэгч гайхамшигт мэргэжлийн эзэн болсон эрдэмтэн багш нар та бүхэндээ Дэлхийн багш нарын 21 дэх, Монголын багш нарын 49 дэх өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Хүүхэд гэдэг хамгийн тодорхой мөртлөө хамгийн ойлгомжгүй ертөнц байдаг. Хамгийн мэдрэмтгий, туршлагатай, сэтгэл зөөлөн багш хүн л тэдний “ОНЬСОГО” мэт ертөнцөд хөл тавьж, тэднийг удирдан жолооддог гэж би хувьдаа ойлгож багш хүнийг хүндэтгэн дээдэлж явдаг юм.

Боловсрол аль ч улс оронд тэргүүлэх салбар байж, улс орнуудын боловсролдоо зарцуулж буй хөрөнгө оруулалт нэмэгдсээр байгаатай адил Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас сургууль, цэцэрлэгийн орчин, суралцах нөхцөл боломжийг сайжруулахад бүхий л талаар хичээн хөрөнгө оруулалтын бодлогоо чиглүүлэн ажилладгийг Та бүхэн мэднэ.

IMG_0421

2012-2015 он манай дүүргийн боловсролын салбарынханд ажил үйлс, амжилт бүтээлээр дүүрэн он жил байсан хэмээн дүгнэн хэлэхэд таатай байна. Хамгийн наад захын жишээ дурьдахад

  • Индексийн үнэлгээгээр 6 байгууллага, 100 гаруй багш нийслэлийн хэмжээнд шалгарсан нь сургалтын хүртээмж, чанар, боловсролын түвшингээр ТЭРГҮҮЛЭГЧ ДҮҮРЭГ болсны нэг тод илрэл бөгөөд энэ нь Та бидний хамтын хичээл зүтгэл, амжилт бүтээл юм. Та бүхнээрээ бахархаж байна.
  • Өөдлөх айл үүднээсээ гэдэгчлэн ногоон байгууламж, гадна орчны тохижилтоороо нийт сургууль, цэцэрлэгүүд маань нийслэлдээ жишиг болохуйцаар өнгө үзэмжээ сайжруулж, олон уралдаан тэмцээн, зохион байгуулалттай арга хэмжээнүүдэд өндөр үнэлгээ авч байна. “Ногоон дүүрэг” зорилтыг дэмжиж, бодитой, үр дүнтэй ажилласан нийт багш, ажилчдадаа талархаж байгаагаа илэрхийлье.
  • Боловсролын салбарын шинэчлэлийг эрчимжүүлэх, сургуулийн өмнөх, бага, суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд та бүхний гаргасан олон шилдэг технологи, сайн туршлага нийслэл дүүргийн түвшинд түгэн дэлгэрч байна. Хүүхдийн төлөө сэтгэл зүрхтэй, байгууллага хамт олноо зөв чиглүүлэн удирдаж буй удирдлага, багш нараа хүндэтгэн, дэмжиж ажиллах болно.

Энэ мэт олон сайн жишээг дурьдаж болохоор байна.

IMG_0423

Багш нарын нийгмийн хамгаалал, халамжийн асуудалд дүүргийн удирдлагууд онцгойлон анхаарч байна. 2014 онд яг энэ индэр дээрээс 1000 багшийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухайгаа Та бүхэндээ дуулгаж байсан билээ. Улс төр, нийгмийн болон эдийн засгийн нөхцөл байдал, эрх мэдэл, төсөв санхүүгийн хуваарилалт, ажлын зохион байгуулалт зэрэг олон хүчин зүйлээс үүдэлтэй бидний санаачилсан хөтөлбөрийн явц удаашралтай байгаа хэдий ч дүүргийнхээ нутаг дэвсгэрт хийгдэж буй гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах бодлогын хүрээнд “Буурал сутай”, “Асар өргөө” зэрэг нэр бүхий компаниудад хүсэлт тавьж, төслүүд амжилттай хэрэгжих үндэс суурь тавигдан, эхний 78 багш орон сууцтай болох боломжийг бүрдүүлээд байна. Судалгаагаар 390 гаруй багш, ажилчид түрээсийн байранд, айлын хажуу өрөөнд амьдарч байгаа бөгөөд төслийг эрчимжүүлэх хэрэгцээ, шаардлагыг бидэнд үүсгэж байна.

IMG_0452

Үүний зэрэгцээ халамж дэмжлэг шаардлагатай 50 гаруй багшид 2014, 2015 онд хууль, эрх зүйн хүрээнд мөнгөн тусламж, эмчилгээний зардал, өргөө цагаан гэр олгох ажлыг зохион байгууллаа. Энэ нь нэг талаас халамж, дэмжлэг боловч нөгөө талаас Чингэлтэй дүүргийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө өөрийн бие сэтгэл, мэргэжил боловсрол, авьяас чадвараа харамгүй зориулж буй таны хичээл зүтгэлийг урамшуулан дэмжиж буй бидний үүрэг гэж ойлгож байна. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлж, хичээж, зүтгэж ажиллаж байгаа багш нартаа урам, зориг, итгэл, хүндэтгэл үзүүлэх ажлыг цаашид ч үргэлжлүүлэх болно.

IMG_0431

Мөн 2014 онд сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг 100% хүргэхээр зорьж байгаагаа илэрхийлж байсан. 2015, 2016 ондоо багтаан нийт 1200 ортой 8 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад хүлээж авахаар төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 100%-ийн гүйцэтгэлтэй 2, 80%-ийн гүйцэтгэлтэй 3, 50%-ийн гүйцэтгэлтэй 1, ажил нь эхлэх шатандаа байгаа 2 цэцэрлэг байна. Ингэснээр 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсролд шинээр нэмэгдэж хамрагдана. Дүүргийнхээ түүхэнд анх удаа орон нутгийн төсвийн 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 7 дугаар хороонд 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилгыг орчин үеийн шаардлагад нийцүүлэн зураг төслийг боловсруулж, ашиглалтад оруулахад бэлэн болоод байгааг дуулгахад таатай байна. Хүүхэд эрүүл, таатай орчинд өсч хүмүүжих учиртай. Дүүргийнхээ хүүхэд багачуудыг эрүүл саруул өсч торних, хөгжиж, төлөвших таатай орчинг бүрдүүлэх үүднээс 2015 онд 15 дугаар хороонд “Хүүхдийн амбулатори”, 3 дугаар хороонд “Хүүхдийн номын сан” барьж баярын энэ өдрүүдэд нээлтийн үйл ажиллагаагаа зохион байгуулж бидний баяр дээр баяр нэмж байна.

IMG_0661

Энэ мэтээр 2008 оноос боловсролын салбарын материаллаг бааз, орчин нөхцлийг сайжруулах, удирдах ажилтан, багш нараа чадавхижуулах, хүүхэд багачуудынхаа авьяас чадварыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр 30 гаруй эрх зүйн баримт бичгийг боловсруулан гаргаж, 23,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг бид улс нийслэл, дүүргийнхээ төсвийн хүрээнд шийдвэрлэлээ. “Боловсрол-2016” дэд хөтөлбөрийг дүүргийнхээ Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулан хэрэгжүүлж байна. Монгол уламжлал, ёс заншлаа хүндлэн дээдэлсэн чанартай боловсролын үйлчилгээг үзүүлж, боловсролын тогтвортой хөгжлийг хангах нь багшийн чадавхаас шууд хамаарч байна. Багшийн хөгжил нь боловсролын салбарын өөрчлөлт шинэчлэлийн үндэс болж, багшийг хөгжүүлэхгүйгээр боловсролын шинэчлэлийг хийхэд учир дутагдалтай гэдэг нь бидний өмнөх туршлага, боловсруулж, хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр дүнгээс мэдрэгдэж, энэхүү хөтөлбөрийн зорилго, зорилтод багшаа хөгжүүлэх заалтыг түлхүү тусган хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн биелэлтийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 91,0% гэж үнэлснийг дуулгая.

IMG_0456

Бас нэг зүйлийг тодотгон хэлэхийг хүсч байна. Бидэнд өнөөдөр бахархал болж үлдсэн хоёрхон тулгуур байна. Эхнийх нь 800 жилийн өмнө амьдарч байсан Их хаан Чингис, түүний байгуулсан Монгол гүрний гайхамшигт түүх, хоёр дахь нь хэдэн мянган жилийн турш ерөөсөө нэг саяд хүрч байгаагүй бидний нүүдэлчин өвөг дээдсийг уусгаагүй, “цэвэр” хэвээр нь хадгалсаар ирсэн УРГИЙН БИЧИГ юм. 2014-2015 оны хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Угийн бичгээ хөтөлж сурцгаая” аяныг өрнүүлснээр өнөөдөр 15 мянга гаруй хүүхэд багачууд 3-12 хүртэлх үеийн угсаа гарвалаа судалж, угийн бичиг хөтөлж хэвшсэний зэрэгцээ Чингэлтэй дүүргийн боловсролын салбарынхан маань энэхүү үнэтэй өв соёлыг орчин үед ч баяжуулан баталгаажуулсаар байгаад БАХАРХАЖ, ОМОГШИЖ байдгаа хэлье.

IMG_0458

Бидний бас нэгэн хамгаалж, өвлүүлж, хайрлаж явах ёстой соёл нь Монгол бичиг гэж би ойгодог. Үе үеийн олон мэргэд монгол бичгийг өөрчлөлгүй явж ирсний гол шалтгаан бол Төв Азийн өргөн уудам нутагт тархан суусан олон нутгийн аялгуутай монгол туургатныхаа алинд ч бэрхшээл төвөггүй ойлгогдох нарийн увидастай бичиг болохыг мэдэрч байсных бизээ. Саяхан Монгол Улсын Их Хурлаас “Монгол хэлний тухай хууль”-ийг батлан гаргасан. Эрдэм ном, Эд баялаг, Эрдмийн уул-Чингэлтэй хайрханы өвөрт тухайн үеийн хүрээ сайд Ванчиндорж Монгол бичгийн цагаан толгойг зохиож, бичгийн их хүн Дамчааравжаа Монгол бичгийг барлаж байсан түүхтэй. Тиймээс бид энэхүү хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангахад манлайлан оролцох учиртай. Сэтгэл зүрх, санал санаачилга гарган ажиллаж байгаа хамт олон, багш нараа дэмжиж урамшуулна. Монгол улс өнө удаан жил оршин тогтнох, бидний ирээдүйн аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа аугаа их өв соёл гэдгийг нийт багш нартаа УРИАЛГА болгон хүргэе.

IMG_0491

2016 онд боловсролын салбарт хэрэгжүүлэхээр хэд хэдэн тодорхой зорилтыг дэвшүүлж байна. Үүнд:

  1. 2013 оноос нийслэлийн хэмжээнд сургалтын чанарын индексийн үнэлгээг гаргаж, багш нарыг урамшуулж эхэлсэн. Индексийн энэ урамшууллыг дүүргийнхээ түвшинд хэрэгжүүлэх журам, дүрмийг боловсруулж, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулан, багш нараа урамшуулж, дэмжих зорилтыг дэвшүүлж байна.
  2. Сургалтыг дэмжих олон талт үйл ажиллагаануудыг бид зохион байгуулдаг. Чингэлтэй дүүргийн төрийн өмчийн бүх сургууль 100% сургалтандаа ашиглах Монгол гэртэй боллоо. Сурагчдыг амьдрах чадварт суралцуулах сургалтын хэрэглэгдэхүүн, материаллаг баазыг бэхжүүлэхэд анхаарал хандуулж, технологийн кабинетын тохижилтод бодит дэмжлэг үзүүлэх зорилтыг бид дэвшүүлж байна. Мөн байгалийн ухааны лабораториудыг шинэчлэн тохижуулах, засварлах, тоног төхөөрөмжөөр хангах ажлыг үргэлжлүүлэх болно.
  3. Сургууль, цэцэрлэгийн өөрийн удирдлагыг хөгжүүлэн, хэрэглэгч, хамт олноор нь үнэлүүлэх ажлыг бид эхлүүлсэн. Удирдлагыг хамгийн шударга, үнэн зөв үнэлдэг хүмүүс бол хамт олон, хэрэглэгчид байдаг. Удирдах ажилтан, багшийн ёс зүйн дүүргийн түвшинд мөрдөж ажиллах дүрмийг боловсруулахаар төлөвлөгөөндөө тусгаад байна.
  4. Боловсролын байгууллагын орчны аюулгүй байдлыг хангах бие даасан зураг төслийг боловсруулж, орчин үеийн дизайн-технологийн дагуу засаж, тохижуулна.
  5. IMG_0464

Мэдээж багш нарыг орон сууцжуулах хөтөлбөр, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг 100%-д хүргэх, Ногоон дүүрэг болох, Угийн бичиг, босоо Монгол бичгийнхээ өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилтууд нэн тэргүүнд тавигдаж хэрэгжинэ. Үүнтэй ижил үр дүн нь бодит байх олон зорилт бидэнд бий.

Ийнхүү Монголын багш нар баяраа тэмдэглэн 49 дэх намраа үдэж байна. Хийсэн бүтээснээ дүгнэж, цаашид хийж бүтээхээ төлөвлөж, алдаа оноогоо цэгнэн хамт олноороо сайхан баярлаарай. Дүүргийн удирдлагын зүгээс Та бүхний 2014-2015 оны хичээлийн жилд хийж бүтээсэн амжилт бүтээлийг тань үнэлж цэцэрлэг, сургууль тус бүрийг 1,000,000 хүртэлх төгрөгийн мөнгөн шагнал олгох шийдвэр гаргаснаа уламжлахад таатай байна.

XXI зуунд Монголын боловсрол нь хүний хөгжил, амьдралын чанарыг баталгаажуулах, хэрэгцээ сонирхлыг нээлттэй, тасралтгүй, чөлөөт хэлбэрээр, тэгш хангаж чадах хүмүүнлэг ардчилсан тогтолцоог бүрдүүлэхэд чиглэгдэж, энэ нь боловсролын үүрэг, түүний хөгжилд хүчтэй нөлөөлж, боловсролын салбарын менежерүүд, багш нэг бүрээс уян хатан, шуурхай байхыг шаардаж байгааг дахин сануулахын ялдамд багш нар маань өөрийгөө хөгжүүлэн, эрхэлсэн ажилдаа эзний ёсоор хандаж, багшийн ёс зүйг чанд баримтлан ажиллахыг уриалж байна.

Номын цагаан буян уншсан, бичсэн, түгээн дэлгэрүүлсэн, соён гэгээрүүлсэн хүн бүхэнд оршиж, Монголын хүүхэд багачуудад гэгээн ухаарал, эрүүл бие, саруул ухааны авшиг хүртээх болтугай. Баярлалаа.

IMG_0466

IMG_0685

 

 

Leave a Reply

  • Facebook