ХҮҮХДИЙН АМБУЛАТОРИЙН НЭЭЛТ ДЭЭР УИХ-ЫН ДЭД ДАРГА М.ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ

83-0-82

2015 оны 11 дүгээр сарын 4-нд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд  Хүүхдийн амбулаторийн нээлт болсон. Монгол Ардын Намын дарга, Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболдын Хүүхдийн амбулаторийн нээлт дээр хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Эрхэмсэг ноён, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Син Хаймин, Энхтайван хөгжлийн сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Юү Шиао Шуан болон энд хүрэлцэн ирсэн Чингэлтэй дүүргийн иргэд Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.
Одоогоос нэг жил гаруйн өмнө БНХАУ-ын Засгийн газрын Энхтайван хөгжлийн сангийн удирдлага Монгол улсад айлчлах үеэрээ надтай уулзаж ярилцсан билээ. Бид энэ сан Монгол улсад хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ямар тодорхой, бодитой ажлуудыг хийвэл зүйтэй вэ гэдэг дээр санал бодлоо хуваалцсан. Тэр үед би “Чингэлтэй дүүрэгт, энэ дүүргийн ард иргэдэд тус нэмэр болсон нэг шинэ эмнэлгийг барьж байгуулбал зөв зүйтэй байна. Улаанбаатар хотын томоохон дүүрэг, хүн ам ихээр суурьшдаг” хэмээн хэлж, санал болгож байсан. Намайг яагаад энэ эмнэлгийг Чингэлтэй дүүрэгт бариулах саналыг гаргасан бэ? гэдгийг та бүхэн бараг мэдэж байгаа. Миний улс төрийн амьдралын гараа энэ дүүргээс гаралтай. 1992-1996 онд би Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч, 1996-1998 онд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргын албан тушаалуудыг хашиж, та бүхний дундаас Монголын улс төрийн амьдралд орж ажилласан. Тийм учраас би чингэлтэйчүүддээ зориулж, амьдралд нь тустай юм хийх ёстой гэж бодож, энэ эмнэлгийг Чингэлтэй дүүрэгт барьж байгуулах санал гаргасан юм. Энэ саналыг минь хүлээж авч, маш богино хугацаанд барьж байгуулж, иж бүрэн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглож, үйл ажиллагаа эхлүүлэх ийм сайхан боломж олгосон Энх тайван хөгжлийн сангийн удирдлага, хатагтай Юү Шиао Шуан, энэ эмнэлгийн хөрөнгийг гаргах шийдвэр гаргасан бүх хүмүүст нийт Чингэлтэйчүүдийнхээ нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

IMG_8374

Мөн энэ барилга байгууламжийг барих ажилд бүх талын дэмжлэг үзүүлсэн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд Монголын талаас хариуцан ажилласан “UB Хангарьд клуб” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Ганбаяр, нарт баяр хүргэж, ажлын амжилт хүсье.
Энэ сайхан барилга байгууламж, эмнэлэгт ажиллах эмч нар техник тоног төхөөрөмжөө ном дүрмийнх нь дагуу аль болох урт удаан хугацаанд ашиглаж, иргэдийнхээ эрүүл мэндийг сахин, Чингэлтэй дүүргийн хойч ирээдүй болсон хүүхэд багачуудыг эрүүл саруул өсгөн бойжуулж, хүмүүжүүлэх үйлстээ их амжилт гаргахыг хүсэн ерөөе.
Монголд хамгийн анхны тусламжийн эмнэлгийг ийнхүү барьж байгуулсан Энхтайван хөгжлийн сан цаашдаа суурин төлөөлөгчийн газраа байгуулж, Монгол-Хятад хоёр орны харилцаанд тодорхой хувь нэмрээ оруулсан олон сайхан үйл ажиллагааг хийх бодолтой байгаа юм билээ. Байгуулагдаад 5 жилийн ойтойгоо золгож байгаа энэ сангийн цаашдын ажилд амжилт хүсье.
Өнөөдөр үүд хаалгыг нь нээж байгаа энэхүү хүүхдийн амбулатори Монгол-Хятадын ард түмний найрамдалт хамтын ажиллагааны билэг тэмдэг болж он удаан жил үйл ажиллагаагаа явуулах болтугай.

IMG_8387

IMG_8375

IMG_8402

IMG_8392

84-0-38

IMG_8457

IMG_8502

IMG_8390

IMG_8463

IMG_8470

IMG_8467

 

Leave a Reply

  • Facebook