ӨРХИЙН АМЬЖИРГААНЫ ТҮВШИН ТОДОРХОЙЛОХ УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ СУДАЛГАА ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛЛЭЭ

    Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох улсын хэмжээний судалгаа Чингэлтэй дүүрэгт өнөөдөр эхэллээ.

   Улсын хэмжээний судалгааны ажлын зорилго, бэлтгэл ажил, судалгааны үеэр өрх иргэдийн анхаарах асуудлын талаар ИТХ-ийн дарга Д. Бат-Эрдэнэ, ЧД-ийн засаг дарга Д.Ганболд, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Ажлын хэсгийн дарга Д.Одбаяр, НХҮХ-ийн дарга Ц.Энхболд нар мэдээлэл хийлээ.

   Монгол Улсын нийт өрхийн 2,9 сая иргэний амьжиргааны түвшний үзүүлэлтүүдийг багтаасан салбар дундын цахим мэдээллийн сан бүрдүүлэх зорилгоор энэхүү судалгааны ажлыг зохион байгуулж байна.

   Улсын хэмжээнд өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаа хийх тухай Монгол улсын Засгийн газрын 2013 оны 269 дүгээр тогтоол батлагдаж, орон нутгийн Засаг дарга нартай хамтран улсын хэмжээний судалгаа явуулах бэлтгэл ажил хангагдсан бөгөөд 2013 оны 12 дугаар сарын 09-ийг хүртэл явагдана.

   Чингэлтэй дүүргийн хувьд 34205 өрхийн жагсаалт үүсгэн, 184 хэсгийн газрын зургийг бэлтгэж, мэдээлэл цуглуулахаар 252 тоологч, 42 багын ахлагч, 20 шивэгч нар ажиллана.

  Энэхүү судалгааны үр дүнг үндэслэн төрөөс үзүүлэх аливаа төрлийн нийгмийн тусламж, үйлчилгээнд хамруулах өрх, иргэнийг тодорхойлох, ядуурлыг бууруулах болон өрхийн амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөрүүдийн уялдаа зохицуулалтыг хангах, нийт өрх иргэнд үзүүлэх төрийн бусад үйлчилгээг төлөвлөх, хэрэгжүүлэхэд салбар дундын мэдээллийн цахим санг ашиглах бүрэн боломжтой болох юм.

  Улсын хэмжээнд өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны бэлтгэл ажил болон мэдээлэл цуглуулах ажлын ерөнхий зохион байгуулалтыг ХАХНХЯ-ны харъяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар гүйцэтгэж байна. Мөн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг даргын Тамгын газар хамтран өөрсдийн орон нутагт уг судалгааг хариуцан ажиллаж байна.

  Судалгааны аргачлалыг 2013 оны 11 дүгээр сарын 07-нд ҮСХ-ны дарга, ХАХНХ-ын сайдын хамтарсан тушаалаар баталж, улсын хэмжээнд ажиллах бүх судлаач, судалгааны багийн ахлагч, мэдээлэл шивэгч, орон нутгийн төрийн байгууллагын ажилтнууд шинээр батлагдсан аргачлалын дагуу судалгааг хэрхэн авах тухай сургалтыг орон нутагт томилогдон ажиллаж буй зөвлөхүүд зохион байгуулсан байна.

  Мөн нийт өрхийн жагсаалтыг бэлдэж, аймаг, сум, дүүрэг, баг, хорооны өрхүүдийн газрын зургийг бэлтгэн судалгаанд ажиллах судлаач буюу тоологч, мэдээлэл шивэгч, хөтөч, жолооч нарыг боловсрол, бичиг үсгийн чадамж, харилцааны соёл, ажлын туршлага зэргийг харгалзан сонгон шалгаруулж, хүн тус бүртэй гэрээ байгуулан ажиллаж байна.

   Иргэд судалгааны асуулгад үнэн зөв, тодорхой хариулж, идэвхтэй оролцох нь чухал ач холбогдолтой юм.

   Мэдээллийн үнэн зөв байдлыг төрийн байгууллагын бусад мэдээлэлтэй тулган нягтлах арга хэмжээг давхар авч мэдээллийн бодит байдлыг хангана.

   Дээрх судалгаанд үндэслэн энэ онд багтаан мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг хийх бөгөөд, ирэх оны эхний улиралд үр дүнгээ Засгийн газарт тайлагнах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Leave a Reply

  • Facebook