ГЭСЭР СҮМ

IMG_7955

Олон Улсын музейн өдрийг угтан  Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Тасганы овооны өвөрт байрлах Гэсэр сүмийг танилцуулж байна.  1919-1921 онд Хятадын хөхийн шашныг шүтэгч Гүвэ овогт Захар хөхийн шашны номлолыг өргөн дэлгэрүүлэх зорилгоор Манжийн хааны Гуан-ди шүтээний сүмийг байгуулжээ. Гуанди хааны сүмийг Манжийн хааны багш Жанжаа Ролбидорж лам шарын шашны улаан сахиус хэмээн алдаршуулснаар Төвдийн Гэсэр хааны сүм гэж нэрлэгдэж иржээ.  Гэсэр сүмийн гол хаалганы зүүн, баруун талд жин хэнгэрэг, жин хонхны хоёр сүүдрэвч, гол сүм болон Дарь эхийн сүм, өргөл мөргөлчдийн байшин, хэрмэн хашаанаас бүрдэж байжээ. Жин хэнгэрэг, жин хонхыг цаг хэмжүүрийн дохио болгон хэрэглэдэг байв.   Гол сүмд сүмийн шүтээн Гуан-ди болон түүний туслах баатруудын дүр бүхий баримал, Тансан ламын үлгэр намтарчилсан зураг, баримал дүрс, өргөл мөргөлчдийн байшинд сүмийг барих үед мөнгө өргөсөн хүмүүсийн нэрийг жагсаан бичсэн чулуун самбартай,  хятад лам нар суудаг байжээ. 1933 онд сүмийг улсын мэдэлд авснаас хойш янз бүрийн байгууллага эзэмшиж, өөрчлөн анхны төрх байдлыг нэлээд алдагдуулжээ. 1966 онд Гандан хийдийн уран барималч, зураач Данзан лам хуучин байсан Гуан-дийн хятад баримлыг өөрчилж, Гэсэрийн туужид түшиглэн Гэсэрийг морь унасан байдалтайгаар, баруун талд нь Цасчихэр, зүүн талд нь Рогмагуа хатны дүрийг цаас, шавар баримлаар хийжээ. Гэсэр сүм нь хятад хийцийн сүм дуганы төрөлд хамаарах дурсгалт уран барилга юм.  БНМАУ-ын Сайд Нарын Зөвлөлийн 1961 оны 524 дүгээр тогтоолоор улсын хоёрдугаар зэрэглэлийн хамгаалалтад, Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 233 тогтоолоор улсын хамгаалалтад авсан.

Нийгмийн хөгжлийн хэлтэс

IMG_7957

IMG_7968

IMG_7965

IMG_7969

IMG_7955

 

 

Leave a Reply

  • Facebook