БАТЛАН ХАМГААЛАХ, ХУУЛЬ САХИУЛАХ АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

tanilts

 Зэвсэгт хүчний 027 дугаар анги буюу Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон дүүргийн Засаг дарга нар танилцлаа. 1921 онд их жанжин Д.Сүхбаатарын санаачлагаар цэрэг, ард иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр байгуулагдсан Монгол улсын шинжлэх ухааны ууган эмнэлгийн шинэ байр 2011 оноос баригдаж, энэ оны 3 дугаар сард ашиглалтад оржээ.

А, Б, В гэсэн гурван блокоос бүрдсэн эмнэлэг өнөөдрийн байдлаар эмчилгээний 22 тасаг, поликлиникийн 4 тасаг, нарийн мэргэжлийн 30 гаруй кабинет, 411 ортойгоор үйл ажиллагаа явуулж байгааг  Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн дарга, хурандаа С.Батболд танилцууллаа. Жилд 14 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилж, поликлиникээр 160 мянга гаруй хүн үзлэг шинжилгээнд хамрагддаг байна. Тус эмнэлэг нь 2015 оны магадлан итгэмжлэх комиссын дүгнэлтээр 3 жилийн хугацаагаар Төв эмнэлгийн эрхтэй болж, үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Батлан хагаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг энэ онд маш сайхан тохилог байртай болж, Австрийн хөнгөлөлттэй тусламжаар тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийснээр өнөөдөр нэгдсэн эмнэлгийн статустай эмнэлэг болж хөгжиж чадсан. Энэ хөгжлийг бид эрүүл мэндийн салбарын хүрээнд цаашид илүү хөгжүүлж, бодлогын хүрээнд хамтарч ажиллах болно” гэлээ.

Одоогийн байдлаар Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн зарим томилгоот бүрэлдэхүүн Засгийн газрын тогтоолын дагуу дайчилгаатай команд штаб хээрийн сургуулилтыг 2016 оны 9 дүгээр сарын 04-18-нд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт хийхээр бэлтгэлдээ гарсан байна. Энэхүү сургуулилттай өнөөдөр албаны хүмүүс очиж танилцах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

tsog-3

tsog-2

 

Leave a Reply

  • Facebook