ЧИНГЭЛТЭЙ, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА НАР ТАМГАА ХҮЛЭЭЖ АВЛАА

p1b14chih940r1mvp9s1ifq1uo03

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү нар  батламжаа гардсан Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн Засаг дарга нарын ажлыг хүлээлгэн өглөө.   Шинэ Засаг дарга нарын ажлыг хүлээлгэн өгөх үеэр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр “Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан ИТХ-аас дүүргийн Засаг даргад нэр дэвшин дэмжигдэж өнөөдөр батламжаа гардсан танд ажлын амжилт хүсье. Дүүргийн Засаг дарга гэдэг бол төрийг төлөөлж дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд Монгол Улсын хууль тогтоомж, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны үндсэн чиглэлийг хэрэгжүүлэн ажиллах хариуцлагатай үүрэг хүлээж байгаа. Бүрэн эрхийнхээ хугацаанд дүүргийнхээ ард иргэдийн сайн сайхны төлөө мөн дүүргийнхээ хөгжил дэвшлийн төлөө сайн ажиллахыг хүсье” хэмээлээ.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат тамга тэмдгээ хүлээн авсныхаа дараа “Дүүргийнхээ иргэдийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, ялангуяа нийгмийн суурь үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулж иргэдэд хүргэх, ядуурал ажилгүйдлийг бууруулан ажлын байр нэмэгдүүлэхийн төлөө ажиллах маш хариуцлагатай жилүүд эхэллээ гэж үзэж байна. Сүүлийн жилүүдэд Чингэлтэй дүүрэгт маань нийгмийн чиглэлийн салбар боловсрол, эрүүл мэндийг дэмжсэн, хүний хөгжлийг хангахад чиглэсэн болон хот, дүүргийн тохижилт руу чиглэсэн олон бодлого хөтөлбөр хэрэгжиж ирсэн. Энэ бүхнийг миний бие үргэлжлүүлэн ажиллах болно” гэж хэлсэн юм.
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн “Манай дүүрэгт хийх ажил маш их байна. Бид хийж чадах бүхий л зүйлээ бүрэн эрхийнхээ хугацаанд хийж хэрэгжүүлж ажиллах болно. Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг дүүрэг, хороо болон анхан шатны нэгж бүрт хүргэн ажиллаж ард иргэдийнхээ сайн сайхны төлөө ажиллах ёстой” хэмээн ажлаа хүлээн авах үеэрээ онцлон тэмдэглэлээ гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

p1b14deaqa12i61tvei9c1g52gf01

Leave a Reply

  • Facebook