Г.АКИМ:ОРОЛДЛОГО САЙТ ОРОЙД НЬ ХҮРНЭ

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт дуун хөрвүүлэгч, сэтгүүлч, судлаач Г.Аким Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөний “Зохиолч-Уншигчдын уулзалт”-ын зочноор уригдан оролцож, уншигч хүүхдүүдтэй уулзаж үнэтэй сургаалиа сонсголоо. 2016 оны 12 дугаар сарын 21-нд зохиогдсон энэхүү уулзалтад ЧД-ийн ЕБ-ын 5-р сургуулийн хичээлийн эрхлэгч, номын санч нар ахлах ангийн сурагчдынхаа хамт ирсэн юм. Уулзалтад тэднээс гадна тус номын өргөөний байнгын үйлчлүүлэгч хүүхдүүд ч мөн оролцлоо.
Тэрээр монгол хэл уран зохиолын хичээл хувь хүнд тэр тусмаа сурагч хүүхдүүдэд ямар чухал болохыг сануулаад орчуулга хийх, зохиол бүтээл туурвихад аливаа хүнд авьяасаас гадна оролдлого, сэтгэл, хичээл зүтгэл тун чухал хэмээгээд “Оролдлого сайт оройд нь хүрнэ” хэмээх ардын зүйр үгийг ямагт санаж, өөрийн хүссэн, хийхийг зорьсон ажилдаа тууштай зүтгэвэл ард нь гардаг юм шүү гэдгийг захиж байлаа. Хүүхэд бүр авьяастай, тэр тусмаа монгол хүүхдүүд. Түүнийг нь нээж хөгжүүлнэ гэдэг багш, эцэг эх, найз нөхөд, ах эгч нарынх нь хичээл зүтгэлээс мөн шалтгаалдаг хэмээлээ.
Сурагч хүүхдүүдийн маань “Хэрхэн сайн орчуулагч, сэтгүүлч, зохиолч болох вэ?” гэсэн асуултанд буурал орчуулагч: “Хүн тэр мэргэжилдээ дур сонирхолтой, хийж байгаа ажилдаа сэтгэл зүрхээ зориулж чадвал ямар ч амжилтанд хүрч чадна“ гэсэн товч хариултыг өглөө.
Уулзалтын үеэр Габриэл Гарсиа Маркезийн “Зуун жилийн ганцаардал”-ыг хэрхэн орчуулсан тухай, орчуулга хийхэд юуг анхаарах, өсвөр насны хүүхдүүд ямар зохиол уншвал үр дүнтэй, яагаад орчуулагч болсон бэ гэх зэрэг олон асуултаар зочныг маань “булж”, халуун дотно яриа өрнүүлсэн билээ.
Энэхүү уулзалтаас ахлах ангийн сурагчид маань ихийг тунгаан бодож, мэдлэг мэдээлэл олж авсан гэдэгт найдаж буйгаа 5-р сургуулийн хичээлийн эрхлэгч уулзалтын төгсгөлд хэлсэн юм.

 

Leave a Reply

  • Facebook