“ХАМТДАА СУРАЛЦЬЯ” САЙН ХИЧЭЭЛ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж буй “Түншлэл” зорилтот төслийн “Хамтдаа суралцья” сайн хичээл, үйл ажиллагааны зөвлөгөөн амжилттай боллоо.

            “Түншлэл” зорилтот төсөл нь нийт цэцэрлэгүүд хэрэгцээ-сонирхол, зорилго-үнэт зүйл, үйл ажиллагаа, ажлын арга барилын хувьд нэгдмэл нэг ойлголт, нэг итгэл үнэмшилтэй хамтран ажиллаж, хамтын бүтээл, амжилтын төлөө бие биенээ дэмжин, нэг зүтгэл гарган, гар сэтгэл нийлсэн хүмүүсийн ажил хэрэгч нөхөрсөг нэгдлийг үүсгэх зорилготой.

            “Хамтдаа суралцья” сайн хичээл, үйл ажиллагааны зөвлөгөөнд Хэнтий аймгийн Батноров сумын цэцэрлэгийн багш Н.Наранцэцэг “Бор шувуу” сэдэвт биеийн тамирын хөгжүүлэх үйл ажиллагааг Ахлах бүлэгт, Мөрөн сумын цэцэрлэгийн багш н.Гансувд “Дээл” сэдэвт дүрслэн урлах хөгжүүлэх үйл ажиллагааг Бэлтгэл бүлэгт, ӨМӨЗО-ны Сөнд баруун хошууны Монгол үндэсний хүүхдийн цэцэрлэгийн багш Б.Сарангоо “Сонирхолтой соронзон” сэдэвт нийгэмшихүйн хөгжүүлэх үйл ажиллагааг Бэлтгэл бүлэгт, Шулуун цагаан хошууны Монгол үндэсний хүүхдийн цэцэрлэгийн багш Ч.Солонгогуа “Мэлхий найрал дуу” сэдэвт хөгжмийн хөгжүүлэх үйл ажиллагааг Бэлтгэл бүлэгт тус тус зохион байгуулж туршлагаа түгээлээ.

Харин Чингэлтэй дүүргийн 4 дүгээр цэцэрлэгийн багш С.Отгонсувд “Урлаад наадья” сэдэвт дүрслэн урлах хөгжүүлэх үйл ажиллагааг Бага бүлэгт, 37 дугаар цэцэрлэгийн багш Г.Янжмаа “Бүргэд” сэдэвт хэл ярианы хөгжүүлэх үйл ажиллагааг Ахлах бүлэгт зохион байгуулсан.

Зохион байгуулагдсан хөгжүүлэх үйл ажиллагаа тус бүр дээр хэлэлцүүлэг өрнүүлж, багш нар өөртөө олж авсан, эргэж орон нутагтаа очоод хэрэгжүүлэх сайн туршлагаа ярилцлаа.

Хөгжүүлэх үйл ажиллагаа удирдсан багш нартаа Батламж гардуулснаар зөвлөгөөн өндөрлөсөн. Зөвлөгөөнд нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн Б.Мөнхзаяа оролцлоо. Мөн Монголын Үндэсний Олон Нийтийн телевиз, ӨМӨЗО-ны Одон телевиз мэдээ бэлтгэж олон нийтэд түгээлээ.

БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭС


Leave a Reply

  • Facebook