“ЭХ ОРОН-ТУСГААР ТОГТНОЛЫН ЭЗЭД” АРГА ХЭМЖЭЭГ НЭЭЖ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД БАТЛАН ХАМГААЛАХ ТОВЧООНЫ ДАРГА Ж.ЭРДЭНЭБАТЫН ХЭЛСЭН ҮГ

Монгол Улсынхаа Тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө халуун амь, биеэ үл хайрлан тэмцсэн үе үеийн эх орончдын удам, Монгол төрийн сүр жавхаа, сүлд, хийморь болсон ахмад дайчид, Генерал, Офицерууд, цэргийн үүргээ нэр төртэй биелүүлж яваа ахлагч, байлдагч, Зэвсэгт хүчин, Хил, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон Онцгой байдлын албаны нийт бие бүрэлдэхүүн Та бүхэндээ орчин үеийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 96 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийн баярын  халуун мэндийг хүргэе.

Тусгаар тогтнолын талбайд алтан мөрдэст ах,эгч нартайгаа, Монгол Улсынхаа Тусгаар тогтнолыг даян дэлхийд тунхаглан авч явах залуу үеийнхний төлөөлөл мөр зэрэгцэн жагсч, та бүхнээр үе тэнгиийн нөхөд, бяцхан дүү нар нь бахархан баярлаж байна.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, Цэргийн штабаас  Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад Монгол Улсынхаа Тусгаар тогтнол, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх,  цэрэг -эх оронч хүмүүжил олгох, бие бялдар сэтгэл зүйн бэлтгэлжилтийг дээшлүүлэх, Батлан хамгаалах хууль тогтоомж, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчилж, таниулахад чиглэсэн уламжлалт  цэрэг-спортын “Дөл” тэмцээнийг амжилттай  зохион байгуулж, шилдгүүдээ тодруулан алдаршуулдаг “Эх орон-Тусгаар тогтнолын эзэд” нэгдсэн арга хэмжээнд оролцохоор Та бид Тусгаар тогтнолын талбайд хуран цуглараад байна.

Чингэлтэй дүүрэг байгуулагдсаны 25 жилийн ой, “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд зохион байгуулсан цэрэг-спортын “Дөл” тэмцээний эхний шатанд  ерөнхий боловсролын 12 сургуулийн 3000 гаруй сурагч хамрагдаж,  2 дугаар шатанд 350 гаруй цэрэг-сурагч шалгарч өрсөлдсөнөөс тэмцээний “Тэргүүн” байрыг Т.Нарантуяа захиралтай 24 дүгээр сургуулийн Б.Цэлмэг захирагчтай салаа, дэд байрыг Р.Ганболд захиралтай 23 дугаар сургуулийн Хүслэн захирагчтай салаа, гутгаар байрыг Ц.Өлзийжаргал захиралтай 72 дугаар сургуулийн Б.Хурцбаяр захирагчтай салаа эзэллээ.

“Тэргүүний жагсаалч салаа”-гаар  Р.Ганболд захиралтай 23 дугаар сургуулийн Хүслэн захирагчтай салаа, “Тэргүүний гимнастикч салаа”-гаар Х.Батболд захиралтай 37 дугаар сургуулийн Г.Бат-Эрдэнэ захирагчтай салаа, “Тэргүүний аврагч салаа”-гаар Наранбаатар захиралтай 57 дугаар сургуулийн Ц.Түвшинболд захирагчтай салаа, “Тэргүүний тамирчин салаа”-гаар Т.Нарантуяа захиралтай 24 дүгээр сургуулийн Б. Цэлмэг захирагчтай салаа, “Тэргүүний авьяаслаг салаа”-гаар Н.Гэндэнсүрэн захиралтай 5 дугаар сургуулийн Н.Нямдаваа захирагчтай салаа, “Тэргүүний салааны захирагч”-аар Ж.Баярмаа захиралтай 49 дүгээр сургуулийн салааны захирагч Ц.Ганпүрэв шалгарлаа. 2016 онд зохион байгуулсан цэрэг-спортын “Дөл” тэмцээнээс  ерөнхий боловсролын 23, 24, 50, 61, 72, 117 дугаар сургуулиуд амжилтаа ахиулсан байна.

Та бүхэнд халуун баяр хүргэе.

Зэвсэгт хүчний 96 жилийн ой, Монгол цэргийн өдөрт зориулан зохион байгуулж буй “Эх орон-Тусгаар тогтнолын эзэд” ёслол хүндэтгэлийн ажиллагаанд оролцож байгаа ахмад дайчид, нийт бие бүрэлдэхүүн,  иргэд, хүүхэд, залуучууд Та бүхэндээ дахин баярын мэнд хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе.

МОНГОЛ ЦЭРГИЙН СҮЛД ХИЙМОРЬ ҮЕИЙН ҮЕД  МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ

 

 

 

Leave a Reply

  • Facebook