НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА С.БАТБОЛД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ АЖИЛЛАВ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Чингэлтэй дүүрэгт ажиллалаа. Дүүргийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалт болон энэ жил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа ажлуудтай танилцаж тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар дүүргийн удирдлагуудтай зөвшилцлөө. Нийслэлийн Засаг дарга болон Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын даргын захирамжийн дагуу энэ сарын 11,12-ны өдрүүдэд дүүргийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтын үйл ажиллагаанд хотын дарга оролцлоо.

Мөн Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын ажилчин, албан хаагчидтай уулзаж нийслэлээс хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар тайлагнав. Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны эрүүл мэндийн жишиг төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус хороо нь хүн амын нягтаршил ихтэй, дүүргийн хамгийн их хүн ам суурьшсан хороо юм. Уг жишиг өрхийн эмнэлэгт хүүхэд, эмэгтэйчүүд, шүд, нүд, эхо, рентген зураг авах зэрэг үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа нь иргэдийн сайшаалыг хүртэж байна.

Мөн Чингэлтэй дүүргийн жижиг дунд үйлдвэрлэлийн Бизнес инкубатор төвийн үйл ажиллагаатай танилцав. БИТ нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэж байгаа болон анхлан эхлэх гэж байгаа санхүүгийн болоод ажлын байрны асуудалтай байгаа үйлдвэрлэгчдэд анхны хүндрэлтэй үеийг нь даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилготой үйл ажиллагаа явуулдаг юм.

Тус төв нь нэг дор 13 үйлдвэрлэгчийг бойжуулах хүчин чадалтайгаар анх баригдаж байжээ. Өнөөдрийн байдлаар дөрвөн салбар нээж, нийт 23 үйлдвэрлэгчийг бойжуулах хүчин чадалтай болж өргөжин тэлсэн. Өнгөрсөн жил 30 зөөврийн ажлын байрыг нэмж байгуулсан. Энэ жилээс дахин 30 зөөврийн ажлын байрыг нэмж байгуулснаар 90 орчим үйлдвэрлэгчийг бойжуулах хүчин чадалтай болох юм.

Нийслэлийн засаг дарга дүүргийн 14 дүгээр хорооны Иргэний танхимд иргэдтэй уулзаж цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар тайлагнаж иргэдийн санал бодлыг сонслоо.

Leave a Reply

  • Facebook