“ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” ХӨТӨЛБӨР ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ ӨДӨРЛӨГ ХИЙЛЭЭ

Монгол улсын засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн Чингэлтэй дүүрэг дэх нээлт өнөөдөр Тусгаар тогтнолын талбайд боллоо.  Өдөрлөгийн нээлтэд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат болон холбогдох албаны хүмүүс Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат нар оролцлоо.

Чингэлтэй дүүргийн хэмжээнд хөтөлбөрт энэ онд 39 мянга 623 иргэн хамрагдана. Эдгээр хүмүүс нь дүүргийн 1-19 дүгээр хороодод оршин сууж буй 1952-1977 оны хооронд төрсөн 40-65 насныхан юм. Харин 2018 онд 15-30 насны иргэдийг хамруулахаар төлөвлөөд байгаа юм. Хөтөлбөрт хамрагдаж үзлэг оношлогоонд хамрагдахыг хүссэн иргэд 2016, 2017 оны Нийгмийн даатгалыг бүрэн бөглөсөн байх ёстой бөгөөд оршин суугаа харьяа газрын анхан шатлалын эмнэлэгт хандаж болно.

Өдөрлөг Тусгаар тогтнолын талбайд болж Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Зооноз судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Шастины нэрэмжит 3-р төв эмнэлэг, Улсын клиникийн 1-р төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч мэргэжилтнүүд ажиллаж иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө өглөө. Мөн нүүдлийн эмнэлэг, явуулын рентген аппарат, шүдний үзлэг оношлогоог хийлээ.

Сүүлийн арван жилд элэгний хорт хавдрын нас баралт Монгол улсад нэмэгдэж элэгний хорт хавдар болон хатуурлын улмаас жилд дунджаар 2600 хүн буюу өдөр бүр долоон хүн нас бардаг бөгөөд энэ нь нийт нас баралтын 15 орчим хувийг эзэлж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтарч хийсэн түүвэр судалгаанаас үзвэл манай улсад хепатитийн В, С вирүсийн архаг халдвараар 400 мянга орчим хүн өвчилсөн байх магадлалтай байгаа юм.

Өдөрлөгийн үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд зарим шаардлагатай тоног төхөөрөмж гардуулан өгсөн юм.

Манай улсад хепатитийн вирусийн архаг халдвар өндөр байгаа нь Монгол улс элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлэхэд хүргэж байгаа төдийгүй цаашид элэгний хатуурал, хорт хавдрын нас баралт залуужих нөхцөл бүрдээд байна. Тиймээс уг хөтөлбөрийн хүрээнд хепатитийн вирусийн халдварын талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, зан үйл, хандлагыг өөрчлөх, өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ халдвараас хамгаалах мэдлэг, дадалтай болгох, архаг халдвартай хүнийг илрүүлж эмчлэх, элэгний хатуурал, хорт хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх, халдвар дамжих замыг таслан зогсоох зэрэг цогц ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.

Leave a Reply

  • Facebook