Үзсэн: 165

УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 8 дугаар сарын 1-нд боллоо. Зөвлөгөөнийг Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн удирдан явуулж, үүрэг даалгавар өглөө. Дүүргийн өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат танилцууллаа.

Нийслэлийн зарим дүүргүүдэд гарч буй мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, цаг агаарын хэт халалтаас шалтгаалж дүүргийн ногоон бүсийн нутаг дэвсгэрт гамшигт үзэгдэл тохиож болзошгүй тул ой хээрийн түймэр, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх зэрэг ажлыг зохион байгуулахыг дүүргийн Онцгой комисс, Мэргэжлийн хяналтын хэлтсүүдэд үүрэг болгов.

Дүүргийн хэмжээнд улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудыг түргэсгэх мөн ил задгай худалдаа үйлчилгээнд хяналт тавьж, зохих арга хэмжээ авч ажиллахыг дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Замын цагдаагийн хэлтсүүдэд даалгалаа.

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, үүрэг даалгавар өглөө.

Хүн, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хэсэг, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлын хэсгүүдийг яаралтай хуралдуулан, ажлын төлөвлөгөөг гаргаж ажиллах, үүний хүрээнд өвчний тандалтыг явуулж, тархалтыг зогсоох, сүү цагаан идээ, борлуулах зорилгоор орон нутгуудаас дүүргийн зуслангийн бүсэд малтай иргэд орж ирж байгааг таслан зогсоох арга хэмжээ авч ажиллахыг Онцгой комисс, Мэргэжлийн хяналтын хэлтсүүдэд үүрэг болголоо. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албанаас баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг (ТҮЦ) ажиллуулахад мөрдөх журмыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн Худалдаа үйлчилгээг зохьцуулаах зөвлөлийг хуралдуулж, зөвшөөрөлгүй газарт байрласан ТҮЦ-үүдийг нүүлгэх, шинээр байршуулах санал, цэгэн байршлын зураглалыг гаргах ажлыг эцэслэн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд хүргүүлэх.

Улсын хэмжээнд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлаар ард түмний оролцоог хангах санал асуулга явагдах гэж буйтай холбогдуулж дүүргийн хэмжээнд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцүүлэх ажлын хэсгийг байгуулж ажиллах. Мөн дүүргийн хэмжээнд орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хороодын байрны засвар үйлчилгээ, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын төлөвлөгөөг яаралтай гаргаж ажиллахыг тус тус үүрэг болголоо.

Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар түүний эрхлэх асуудлын хүрээний харьяа байгууллагуудад ирсэн өргөдөл гомдол, албан бичиг хэрэг шийдвэрлэлтийн мэдээг Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат танилцууллаа.

Иргэд, албан байгууллагаас ирсэн өргөдөл гомдол, албан бичгийг хугацаанд нь шийдвэрлэж, хариу өгч ажиллах, ажлын цаг ашиглалтыг сайжруулахыг ЗДТГ-ын дарга А.Дамцагдорж онцоллоо.

Leave a Reply

  • Facebook