Үзсэн: 130

ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн хороодын Засаг дарга нарын шуурхай зөвлөгөөн 8 дугаар сарын 2-ны өдөр боллоо. Зөвлөгөөнийг Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн удирдан явуулж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийн, үүрэг даалгавар өглөө.

Цаг агаарын хэт халалтаас шалтгаалж үер усны аюул гарч болзошгүй тул үерийн аманд зөвшөөрөлгүй буусан айлуудад сэрэмжлүүлж, шаардлагатай тохиолдолд нүүх тухай шаардлага хүргүүлж, зохих арга хэмжээ авч ажиллах, зарим дүүргүүдэд гарч буй мал, амьтны гоц халдварт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, дүүргийн нутаг дэвсгэрт гаднаас мал оруулах, худалдан авахад хяналт тавих ажлыг Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтсүүдтэй хамтран зохион байгуулахыг хороодын Засаг дарга нарт үүрэг болгов.

Үүнтэй холбогдуулж Онцгой байдлын хэлтсийн Дэд дарга Д.Цэрэндорж цагийн үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс хамтарч хүн, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох заавар зөвлөмжийг мал бүхий иргэдэд өгч эхэлжээ.

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн сэрэмжлүүлэг мэдээг гамшгийн үед зарлан мэдээг дамжуулах зарчмын дагуу хороодод мэдээлж байна.

Улсын хэмжээнд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлаар ард түмний оролцоог хангах санал асуулга явагдаж эхэлсэнтэй холбогдуулж хороодын Засаг дарга нар үүрэг оролцооны дагуу нутаг дэвсгэртээ зохион байгуулахыг даалгалаа.

Мөн дүүрэг, хороодын байрны засвар үйлчилгээ, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд ирэх долоо хоногоос өвөлжилтийн бэлтгэл ажил хийгдэж эхлэхээр болсон байна.

Хороодын нутаг дэвсгэрт гар дээрээс худалдаа үйлчилгээ явуулах зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах талаар үйлчилгээний нийтлэг журам, түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад тавигдах шаардлагуудыг дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган танилцуулж, заавар зөвлөмж өглөө.

Түүнчлэн нийслэлийн дүүргүүдийн дунд зохион байгуулагдаж буй “Албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн систем, программын нэвтрүүлэлт, ашиглалт” сэдэвт болзолт уралдааны талаар танилцуулж, идэвхтэй оролцохыг даалгалаа.

 

Leave a Reply

  • Facebook