Үзсэн: 371

Дүүргийн 19 дүгээр хорооны “Ундрах-Ирээдүй” өрхийн эрүүл мэндийн төв шинэ технологи нэвтрүүлжээ

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Ундрах-Ирээдүй өрхийн эрүүл мэндийн төвд хэрэгжиж буй “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ ба олон нийтийн түвшинд эрүүл мэндийн мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төслийн нээлтийн үйл ажиллагаа 8 дугаар сарын 3-нд боллоо.

Арга хэмжээг нээж Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Засаг дарга Н.Оюунгэрэл үг хэллээ.

Эрүүл Мэндийн Яам, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Солонгосын олон улсын Эрүүл мэндийн сангаас хамтран хэрэгжүүлж буй уг төсөл нь иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг техник технологийн дэвшилтэй хослуулан түргэн шуурхай хүргэж буйгаараа онцлог юм.

Энэ оны 6 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн уг төслийн хүрээнд Ундрах-Ирээдүй өрхийн эмнэлэгт элэгний B, C вирус, хеликобактер, бэлгийн замын халдварт өвчний түргэвчилсэн оношлуур, сүрьеэ илрүүлэх, цусан дахь сахар, холестриний хэмжээг тогтоох аппарат, зөөврийн эхо бичлэгийн аппарат, зүрхний бичлэгийн аппарат, бичил лаборатори, даралт хэмжигч аппарат, өвчтөний мэдээлэл хадгалах, компьютер, таблет зэрэг хамгийн сүүлийн үеийн багаж хэрэгслүүдийг олгосон байна.

Мөн тус өрхийн эрүүл мэндийн төвийн 2 эмч, 2 сувилагч 5 хоногийн турш  эрүүл мэндийн мобайл буюу хөдөлгөөнт технологийг ашиглах сургалтад хамрагдаж, үзлэг оношилгооны багийг ахлан ажиллаж байна.

Төслийг хэрэгжүүлснээр 6 дугаар сараас 8 дугаар сар хүртэл амбулатори, болон зөөврийн үзлэгээр нийт 1100 гаруй хүнийг оношилж, 201 өвчлөл шинээр бүртгэжээ.

Эрүүл мэндийн үзлэг оношлогоог цахим хэлбэрт шилжүүлж, түргэвчлэхэд чиглэсэн, бага оврын тус хөдөлгөөнт техник  багаж хэрэгслүүдийг нэвтрүүлснээр эмч, сувилагчдын ур чадвар нэмэгдэх, өрхийн эмнэлгийн тусламж үйлчилгээний цар хүрээ тэлэх, өвчтөн оношоо цахим шуудангаар авах, хорооны алслагдмал бүсийн өвчтөнүүдэд тусламж үйлчилгээ хүргэхэд хялбар болох зэрэг олон талын ач холбогдолтой юм байна.

Leave a Reply

  • Facebook