быстрый займ на карту
Үзсэн: 395

ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн хороодын Засаг дарга нарын шуурхай зөвлөгөөн 8 дугаар сарын 18-ны өдөр боллоо. Зөвлөгөөнийг Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн удирдан явуулж, Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг даалгавруудыг танилцуулж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийн, үүрэг даалгавар өглөө.

Өмнөх хороодын Засаг дарга нарын шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хороо хариуцсан мэргэжилтэн Н.Доржпүрэв танилцууллаа.

Улаанбаатар хотын мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс нутгаас мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Тус захирамжийг биелүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Т.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхэлдэг айл өрх, иргэдтэй 08 дугаар сарын 14-нд уулзлаж мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх талаар авч хэрэгжүүлэх ажлыг иргэдэд мэдээлж тэдний санал хүсэлтийг сонссон байна.

Үер усны аюулаас болгоомжлох талаар 8, 9, 11 дүгээр хорооны айл өрхүүдэд мэдэгдэл хүргэж, 13 дугаар хорооны далан, суваг шуудууг цэвэрлэх ажлыг зохион байгуулсан байна. Дүүргийн 1, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гар дээрээс худалдаа үйлчилгээ явуулж буй иргэдэд зөрчлийн тухай хуулийг танилцуулж, зохих арга хэмжээг авч ажилласан байна.

Хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сургууль цэцэрлэгүүдийн засвар үйлчилгээ, өвөлжилтийн бэлтгэл ажилд онцгой анхаарах, ил задгай худалдаа үйлчилгээг таслан зогсоох талаар дүүргийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран ажиллах, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлаар ард түмний оролцоог хангах санал асуулгыг зохион байгуулах ажилд чиг үүргийн дагуу идэвхтэй оролцох, хороодын нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг байгуулах боломжтой байршлын талаар Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэст мэдээлэх зэрэг үүрэг, даалгаврыг өглөө.

Хагас жилийн ажлын тайлантай холбоотой мэдээлэл, зөвлөмжийг Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Ш.Цэцэгмаа танилцууллаа. Иргэд, албан байгууллагаас ирсэн өргөдөл гомдол, албан бичиг шийдвэрлэлтийн мэдээг Архив, бичиг хэргийн тасгийн дарга С.Энхцацрал танилцуулж, дүүргүүдийн дунд зохион байгуулагдаж буй “Албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн систем, программын нэвтрүүлэлт, ашиглалт” сэдэвт болзолт уралдаанд идэвхтэй оролцохыг онцоллоо.

Leave a Reply

  • Facebook