Үзсэн: 67

УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн есдүгээр сарын 12-нд боллоо. Зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат удирдан явуулж цаг үеийн асуудлаар үүрэг даалгавар өглөө. Дүүргийн өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат танилцууллаа.

Дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 13 салбар нэгжийн төлөвлөгдсөн засвар үйлчилгээний ажлууд хийгдэж байгаа бөгөөд нийт ажлын явц 86 хувьтай байна. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай дээрх зөвшөөрөлгүй ил задгай худалдааг цэгцлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор дүүргийн 1, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт ил задгай худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа иргэдийн үйл ажиллагаанд наймдугаар сарын 28-31-ний өдрүүдэд дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, хороодын Ажлын албатай хамтран хяналт шалгалтын ажиллагааг давтамжтайгаар зохион байгуулж, зохих арга хэмжээг авч ажиллажээ.

Иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийн статистик мэдээллийг дараагийн шуурхай зөвлөгөөнөөр танилцуулахыг дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст үүрэг болголоо. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудад “Дулаалгын аян”-ыг эрчимжүүлэх мөн хүн, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж орон нутгаас дүүргийн зуслангийн бүсэд  мал хөлөөр орж ирэх асуудалд хяналт тавьж ажиллахыг холбогдох хэлтэс албадуудад Засаг дарга Ж.Эрдэнэбат даалгалаа.

Мөн ирэх оны нийгэм эдийн засгийн үндсэн чиглэлийн төслүүдийг боловсруулах ажлын хүрээнд холбогдох хэлтэс албадаас саналыг авч ажиллах чиглэл өглөө. Энэ хүрээнд ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Алтанцацрал тодруулга хийлээ.

Мөн дүүргийн 25 жилийн ойн баярын арга хэмжээний хүрээнд зохион байгуулах иргэдийн баяр, төрийн нэг цэгийн үйлчилгээ зэрэг арга хэмжээнд онцгой анхаарч ажиллах талаар Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол нар чиглэл өглөө. Хэлтэс, албадууд сахилга хариуцлага, дэг журам сайжруулах тухай албан даалгаврын хэрэгжилт, албан хэрэг хөтлөлт, шийдвэрлэлтийн дүн мэдээг танилцуулах, 25 жилийн ойн баярын арга хэмжээний зохион байгуулалтад идэвхтэй оролцож, иргэдэд чиглэсэн үйл ажиллагааг голчлохыг Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж онцоллоо. Түүнчлэн нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Ням-Очир 25 жилийн ойн баярын арга хэмжээний хөтөлбөрийг танилцууллаа.

Leave a Reply

  • Facebook