ЧИНГЭЛТЭЙ ХАЙРХАН УУЛЫН ТЭНГЭР, САХИУСЫГ ТАЙХ БАГА ТАЙЛГА ТАХИЛГЫН ЁСЛОЛ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 7 дугаар хуралдааны тогтоолоор Чингэлтэй хайрханыг тайх их тахилгыг 5 жилд, бага тахилгыг 2 жилд нэг удаа тус тус зохион байгуулахаар шийдвэрлэж баталсан. Үүний дагуу Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан, Чингэлтэй хайрхан уулын тэнгэр, сахиусыг тайх бага тайлга тахилгын ёслолын үйл ажиллагааг намрын эхэн сарын шар мичин сарын шинийн хорин тавны билигт өдөр, аргын тооллын есдүгээр сарын 15-ны өдөр хүндэтгэлтэйгээр зохион байгууллаа.

Бага тайлга тахилгын ёслолд дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, ЧДЗДТГ-ын хэлтэс, албадын удирдлага, албан хаагчдын төлөөлөл, дүүргийн хамтын ажиллагаат ОХУ-ын Бүгд Найрамдах Саха(Якут) улсын Хангаласский(улус) дүүрэг, ОХУ-ын Улаан-үд хотын Советский дүүрэг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур дүүрэг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Сөнд Баруун хошуу, Бүгд найрамдах Солонгос Улсын Инчон хотын Ёнсу дүүрэг, Архангай аймгийн Чулуут сум, Хэнтий аймгийн Баян овоо сумын зочид төлөөлөгчид болон иргэд сүсэгтэн олон оролцлоо.

Ёслолын үйл ажиллагааг төрийн ёслол,  шашны зан үйлээр хамтарч үйлдэн Монгол Улсын далбаа, Нийслэлийн туг болон Чингэлтэй дүүргийн тугийг залж, Төрийн дууллаа эгшиглүүлэн их овоондоо мэхийн ёсолсноор эхэллээ.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат бага тайлга тахилгын ёслолын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Энэ онд Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байна. Бидний хамтдаа хийсэн, бүтээсэн бүхэн маань дүүргийнхээ 25 жлийн ойд барих бэлэг болж байна. Их хайрханы маань тэнгэр, лус савдаг, сүлд хийморь ариун дагшин байж ард иргэд, хамт олны минь хүсэл зорилго сэтгэлчлэн бүтэж түмэн олны минь буян заяа тэгш дүүрэн байхын сүүн цагаан цацал өргөе. Хайрхан уулын тэнгэр, сахиус хүн бүрийг ивээж, хийморь зоригийг бадраах болтугай. Эрдэм ном, эд баялгийн өглөгт Чингэлтэй хайрханыхаа өвөрт хамтдаа хөгжицгөөе” гэдгийг онцолсон юм.

Шашны уламжлалт ёсоор Жанчивлан хийдийн лам хуврагууд тусгай дэг жаягийн дагуу буян номын хур буулгаж сүсэгтэн олны буян хишгийн урин даллага авч, хайрханы сахиусыг аргадаж тайллаа. Дараагаар Засаг дарга Ж.Эрдэнэбат хайрханд хандсан захирамжийн айлтгалаас адис аван, сүсэгтэн олонд дуудан уншиж, галын бурханд өргөлөө.

Лам хуврагууд хайрханд иргэдийг даатган ном хурж тэнгэр, сахиусыг тайх даллагын тариа будаанаас хишигтэн олонд зэд хүртээсэн юм. Өргөл мөргөлийн ёслолыг үйлдсэний дараа иргэд сүсэгтэн олон их овооноос гороолон буулаа.

Leave a Reply

  • Facebook