быстрый займ на карту
Үзсэн: 1296

ДҮҮРГИЙН 37-ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН САЛБАР БҮЛЭГ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны “Цэцэрлэгийн хүрэлцээг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 40 дүгээр тогтоолын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны  байранд байрлах Чингэлтэй дүүргийн 37 дугаар цэцэрлэгийн салбар бүлэг сургалтын үйл ажиллагааны нээлтээ хийж, хүүхэд багачуудаа хүлээн авлаа.

Тус цэцэрлэг нь бага, дунд 2 бүлэгтэй бөгөөд нийт 80 хүүхэд хүлээн авах боломжтой. Хоёр бүлэгт дөрвөн багш, хоёр туслах ажилтан, хоёр тогооч  ажиллах юм байна.

Цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Чингэлтэй дүүргийн засаг дарга Ж.Эрдэнэбат, дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Ням-очир, Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль 37 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Сэлэнгэ болон эцэг эхийн төлөөлөл, хүүхэд багачууд оролцлоо.

Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат нээлтийн ажиллагаанд хэлсэн үгэндээ “Чингэлтэй дүүргийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 80 гаруй сургууль, цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 37 мянга гаруй хүүхэд, багачууд сурч боловсорч байна. Цэцэрлэгт хамрагдах насны 16 мянган хүүхэд байгаагаас 11 мянга гаруй нь төрийн өмчийн 29, төрийн бус өмчийн 26 цэцэрлэгт хамрагдаж байна. Монгол Улсын Засгийн газар, Нийслэл, дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу цэцэрлэгийн насны хүүхдүүдийг бүрэн цэцэрлэгт хамруулах ажлыг дүүргийн хэмжээнд шат дараалалтайгаар хэрэгжүүлж байгаа. Энэ ажлын хүрээнд сурч боловсрох эрүүл, таатай орчинг бүрдүүлэх зорилгоор дүүргийн төсвийн хөрөнгөөр цэцэрлэгүүдийн өргөтгөл барих, буулгаж шинэчлэх, шинээр барих ажлуудыг хийж байна. Дүүргийн 18 дугаар цэцэрлэгийн 240 хүүхэд хүлээж авах боломжтой өргөтгөлийн ажлыг хийж байгаа бөгөөд дараагийн хичээлийн жилд бүрэн ашиглалтад орно.

Шинээр цэцэрлэгийн байр ашиглалтад орсноор хүүхэд багачууд эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох, ажлын байр нэмэгдэх, эцэг эхчүүдийн ажил эрхлэлт өсч, өрхийн амьжиргаа дээшлэх зэрэг олон давуу талтай. Дүүргийн хүүхэд багачуудад цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан ХНХЯ-ны хамт олонд дүүргийнхээ нийт иргэдийн өмнөөс талархаж байна. Цаашид төрийн болон төрийн бус өмчийн олон аж ахуйн нэгж, байгууллагууд хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэдгийг онцоллоо.

Мөн үеэр дүүргийн боловсролын салбарт цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан ХНХЯ-ны төлөөллийг дүүргийн 25 жилийн ойн медалиар шагналаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх 37 дугаар цэцэрлэгийн салбар бүлэгт тус яамны ажилтан, албан хаагчдаас гадна ойр орчмын Сангийн яам зэрэг албан байгууллагуудын ажилтан, албан хаагчдын хүүхдүүд явах юм байна.

Leave a Reply

  • Facebook