быстрый займ на карту
Үзсэн: 713

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН БАГШ НАРЫН БАЯРЫН ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНД ЗАСАГ ДАРГА Ж.ЭРДЭНЭБАТЫН ХЭЛСЭН ҮГ

            Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт багш нараа… Ирээдүй болсон хүүхэд багачууддаа эрдэм боловсрол олгох эрхэм үйл хэрэгт хүч хөдөлмөр, мэдлэг, авьяасаа зориулан ажиллаж буй Та бүхэндээ багш нарын баярын мэндийг өргөн дэвшүүлье.

2017 онд Чингэлтэй дүүргийн маань 25 жилийн ой тохиож байна. 25 жилийн ойгоо Чингэлтэйн боловсролынхон амжилт бүтээлээр дүүрэн угтлаа. Хийж хэрэгжүүлсэн ажил нэг бүр нь 25 жилийн хугацааны түүхээ тодотгож, олсон амжилтаа бататгасан, ирээдүйн хөгжлийн бодлого, чиглэлээ баримжаалж иргэн бүрдээ хүрсэн, багш, сурагчдадаа хүртээмжтэй, үр дүнтэй байсан гэдэгт итгэлтэй байна.

Сүүлийн 2 бүрэн эрхийн хугацаанд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас боловсролын салбартаа бие даасан хөтөлбөрүүдийг хэрэгжүүллээ. Нэн ялангуяа сүүлийн 4 жил бид бие даасан орон нутгийн боловсролын бодлогыг тодорхойлж “Өв тэгш-Оюунлаг-Бүтээгч Монгол хүүхэд”-ийг төлөвшүүлэх “Чингэлтэйн боловсрол” гэсэн нэгэн өнгө аяс, нэгэн удирдлага, зохион байгуулалтыг бий болгож, улс-нийслэлдээ манлайлж ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлсэн гэж дүгнэж байна.

Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтын орчин, суралцах нөхцөлийг сайжруулах, багш нараа дэмжих, тэдэнд итгэл өгөх, хүүхэд нэг бүрээ хөгжүүлэхэд хөрөнгө оруулалтын бодлого маань чиглэгдсээр ирснийг Та бүхэн мэднэ.

            Боловсролын салбарын өөрчлөлт шинэчлэлийн үндэс нь багшийн хөгжил юм. Хүүхэд бүртэй ажиллахад багшийн үүрэг хариуцлага онцгой байр суурь эзэлнэ. Нийгмийн халамж хамгаалал, мэргэжил арга зүйн дэмжлэг гээд олон цогц асуудалд бид анхаарал хандуулах ёстой. Бусдын хүүхдийн төлөө ажиллахад ар гэрийн ахуй амьдрал, гэр бүлийн уур амьсгал, эцэг эхийн үүрэг оролцоо хамтын ажиллагаа маш чухал.

            Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 23 дугаар тогтоолоор цэцэрлэг, сургуулийн багш нараа хүүхэд нэг бүрийнх нь ахиц, амжилтаар үнэлж, урамшуулал олгож эхэлсэн. Энэ жил нийт 35 багшийг 500,000 төгрөгөөр шагнаж урамшуулахаар шийдвэрлээд байна. Ингэснээр энэхүү журам батлагдсанаас хойш нийт 77 багшийг 43,0 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан байна.

            Халамж, дэмжлэг шаардлагатай багш нартаа хууль тогтоомжийн хүрээнд гэр, эмчилгээний зардал, мөнгөн тусламж зэрэг нэг удаагийн буцалтгүй тусламжийг олголоо. Үүнд 2017 онд нийт 13 багшийг хамрууллаа. Сүүлийн 4 жилд нийтдээ 50 гаруй багшид бид ийнхүү наад захын шаардлагатай халамж, дэмжлэг, нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгожээ.

            Мөн Монголын багш нарын 51 дэх өдрийн босгон дээр дүүрэг, нийслэл, Засгийн газрын шагналаар шагнагдаж хөдөлмөр бүтээлээ үнэлүүлсэн нийт багш нартаа баяр хүргэе.

Суралцах орчин нөхцөл материаллаг бааз нь боловсролын үйлчилгээний салшгүй хэсэг байх ёстой. Хүртээмжтэй суудал, орчин үеийн хэрэгцээ шаардлагыг хангасан сургалтын хэрэглэгдэхүүнийг дэлхий нийтийн чиг хандлагад нийцүүлэн нийлүүлэхийг бид зорьж байна. Нэн ялангуяа сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэх нь бидний эн тэргүүний гол зорилтуудын нэг байна.

2016-2017 оны хичээлийн жилд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 70, 126 дугаар цэцэрлэгүүдэд нэмэлт бүлгийн барилга, улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 83 дугаар цэцэрлэгийн өргөтгөл, 139/221, 140/222 дугаар бага сургууль цэцэрлэгийн цогцолбор, 245, 246, 247 дугаар цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулснаар цэцэрлэгийн орны тоог нийт 1119 ороор нэмэгдүүлж чадлаа, мөн бүлэг дүүргэлтийг 10 гаруй нэгжээр буулгаад байна. 2017 онд бид 18 дугаар цэцэрлэгийн барилгыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар барихаар батлуулж, барилгын ажил эхлэхэд бэлэн болоод байна. Мөн нийслэлийн төсвөөр 19, 102 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга, 11 дүгээр хорооны цэцэрлэгийн барилгыг барих зэрэг олон олон бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилнэ.

Гэр хорооллын цэцэрлэг, сургуульруу ордог замыг бид засаж тохижуулж байна. 17, 37, 39, 57 дугаар сургууль, 43, 103, 126, 155, 173, 245, 246, 247 дугаар цэцэрлэг, 139/221, 140/222 дугаар бага сургууль цэцэрлэгийн цогцолборыг төв замтай авто замаар холбож, авто машины зогсоол хийсэн.

Бүх ерөнхий боловсролын сургуулиудаа Юнимат тоног төхөөрөмж бүхий технологийн кабинеттай болголоо. 2-9 дүгээр ангийн нийт сурагчдадаа 7000 төгрөгийн сургалтын хэрэглэгдэхүүний зардал баталж, “Сурагчийн тэмдэглэл” сургалтын хэрэглэгдэхүүнийг 20760 сурагч сургалтдаа ашиглаж байна.

Хүүхэд бүр сурах, хөгжих жигд нөхцөл боломжоор хангагдах учиртай. Энэ чиглэлд дүүргийн зүгээс хууль, эрх зүйн хүрээнд бүхий л түвшинд анхааран ажиллаж байна.

2009 онд 3 төрлөөр 30 гаруй тамирчинтай байгуулж байсан өсвөрийн шигшээ баг маань өнөөдөр 13 төрөл, 300 гаруй тамирчинтай болж өргөжсөн байна. Хүүхдүүд маань нийслэл, улсдаа төдийгүй олон улсын тавцанд амжилт гаргаж эхэллээ. Олон улсын тэмцээнд оролцох зардал, багш дасгалжуулагчийг бид ерөнхий боловсролын сургуулиудтайгаа хамтран шийдвэрлэж байна. 2017 онд өсвөрийн шигшээ багийнхан маань дүүргийнхээ дэмжлэгтэй Хятад, Орос, Бразил, Тайланд, Киргизстан зэрэг орнуудад зохион байгуулагдсан Азийн болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцжээ. Олон шилдэг клубууд манай өсвөрийн тамирчдыг эгнээндээ элсүүлж байгааг дуулгахад таатай байна.

Урлаг соёлоор дүүргийнхээ нэрийг өргөж, сурлагын өндөр амжилт гаргасан сурагчдыг бид дэмждэг. Найрал дууны уралдаан, гадаад дотоодын урлагийн наадмуудад амжилттай оролцсон сурагчдыг гадаадад аялах, тоглолтоо зохион байгуулах эрх олгож урамшуулж байна. Ерөнхий боловсролын 61 дүгээр сургуулийн сурагчид ОХУ-ын Саха /Якут/-ын БНУ-ын Хангалаский аймаг, БНХАУ-ын Манжуур, Хайлаар хотуудад, 37 39, 50, 57 дугаар сургуулийн сурагчид БНСУ-ын Ёнсу, Сонгпа дүүргүүдэд, 17 дугаар сургуулийн сурагчид ОХУ-ын Саха /Якут/-ын БНУ-ын Мохоголоосск хотод тус тус айлчлан тоглолт хийгээд ирлээ. Мөн олон улсын математикийн олимпиадад оролцсон сурагчдадаа бид дэмжлэг үзүүлсэн. Тун удахгүй Турк улсруу хүүхэд солилцооны шинэ гарцыг нээхэд бэлэн болоод байна.

Төрийн бус өмчийн боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, өмчийн ялгаатай байдлаас үл хамааран жигд оролцоотой хамтран ажиллах бодлогыг хэрэгжүүлж 5 настай хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд 100% хамруулах зорилгоор “НЭГ ГАРАА-ТЭГШ БОЛОМЖ” зорилтот төслийг санаачлан 3 дахь жилдээ хэрэгжүүлснээр 500 гаруй хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулж байна.

Эцэг эх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлснээр сургалтын бодлого цогц байдлаар хүүхдэд хүрч чадна. Хүүхэд бүрийг өөрийн хүсэл мөрөөдөлтэй, суралцах хүсэл тэмүүлэлтэй, авьяас чадвараа нээн хөгжүүлэх, ном унших, бие даан суралцах, амьдрах чадвартай иргэн болгон төлөвшүүлэхэд эцэг эхийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зайлшгүй хэрэгцээ шаардлага байсаар байна.

Тиймээс “хүүхдийг суралцах чадвар эзэмшихэд туслах бүтэц тогтолцоог бүрдүүлэхэд эцэг эх, асран хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлэх, тэдэнд зориулсан сургалт, сурталчилгааны ажлууд зохион байгуулах, амжилттай хэрэгжсэн үйл ажиллагааг сурталчлах, төрийн бодлогод тусгах чиглэлээр хамтран ажиллах” зорилгоор ашгийн бус нийгэмд үйлчлэх Чингэлтэй дүүргийн боловсролын байгууллагуудын “Эцэг эхийн нэгдсэн холбоо” төрийн бус байгууллагыг байгуулснаас гадна “Чингэлтэй 444” санаачилгыг хэрэгжүүлэн ажиллаж ирсэн.

Цаашид бид төрийн бус байгууллагынхаа үйл ажиллагааг дэмжих, оролцоог нэмэгдүүлэхэд анхааран ажиллах болно.

            Удирдлагын манлайлал бол орчин үеийн боловсролын салбарын хөгжил, шинэчлэлийн гол үндэс суурь. Багшаа дэмждэг, хамт олноо сонсож, тэдний саналыг үйл ажиллагаандаа тусгадаг, нэг цул болж ажилладаг манлайлагч удирдлагуудыг бид дэмжиж ажиллана. Чингэлтэй дүүрэг нь боловсролын салбарт дэвшин ажиллах, мэдлэгтэй чадвартай нь ажлаа шударга үнэлүүлдэг байх нээлттэй зарчмыг хэрэгжүүлж байна. Энэ бүгдийг мэдэрч, үр дүнтэй менежмент болгон хөгжүүлэх чадварлаг эрхлэгч, захирал бидэнд юу юунаас илүү эрхэм гэдгийг онцлон хэлэхийг хүсэж байна.

            Та бүхний санаачлан эхлүүлсэн “Түншлэл” зорилтот төсөл 2018 онд БНХАУ-ын ӨМӨЗО-нд, 2019 онд Хэнтий аймагт зохион байгуулагдахаар болж, гадаад-дотоодын хамтын ажиллагаа боловсролын салбарт хүрээгээ тэлэн Чингэлтэйн боловсролын туршлага түгэх, мэргэжил нэгт нөхөд тань Та бүхнээс суралцах боломж бүрдлээ.

            Ийнхүү бид Боловсролын салбарын нэгэн үеийн түүхийн хуудсыг хамтдаа бичилцэж хийсэн бүтээснээ дүгнэж, цаашид хийж бүтээхээ төлөвлөж, алдаа оноогоо цэгнэн Монголын багш нар баяраа тэмдэглэн 51 дэх намраа үдэж байна.

            2017-2018 оны хичээлийн жилд Чингэлтэй дүүргээс сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хүртээмж, чанарт онцгойлон анхаарал хандуулах болно. Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих, бага сургуулиудын тоог нэмэгдүүлэх, орчин нөхцлийг сайжруулахад төсөв, хөрөнгө оруулалтын бодлогоо чиглүүлнэ. Мөн мэргэжлийн багуудынхаа үйл ажиллагааг нэн тэргүүнд тавьж, дэмжиж ажиллах болно. Математик, монгол хэл… гэх мэтээр багш нар маань нэгдэж, үйл ажиллагаагаа уялдуулан арга зүй, ур чадварын хувьд өөр өөрсдийн хэмжээнд түвшин ахиж, хүүхэд нэг бүрийнхээ хөгжлийн төлөө нэгдэж, нягтрах учиртай. Харилцан суралцаж, хамтдаа хөгжихийг Та бүхнээсээ уриалж байна.

Цаашид Монгол уламжлал, ёс заншлаа дээдэлсэн, өрсөлдөөнт нийгэмд амьдрах чадвартай бүтээлч иргэнийг төлөвшүүлэх хэрэгцээ шаардлага байсаар байгаа бөгөөд энэхүү зорилгодоо хүрэхийн тулд удирдлагын менежмент, багшийн хөгжил, хичээлийн арга зүйн шинэ технологийг нэвтрүүлж нутагшуулах, эцэг эх олон нийтийн оролцоонд тулгуурлан сургалтын чанар, хүүхэд нэг бүрийн хөгжлийг эн тэргүүний эрхэм зорилгоо болгон сурган хүмүүжүүлэх ажилдаа амжилт гарган, багш бүр манлайлагч байж, багшийн ёс зүйг баримтлан ажиллахыг захиж хэлэх байна.

Номын цагаан буян арвижин дэлгэрэх болтугай. Баярлалаа.

 

Leave a Reply

  • Facebook