ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн хороодын Засаг дарга нарын ээлжит шуурхай зөвлөгөөн 10 дугаар сарын 11-ний өдөр боллоо. Зөвлөгөөнийг дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн удирдан явуулж, цаг үеийн асуудлаар үүрэг даалгаврууд өглөө.

Өмнөх шуурхайгаар өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг хороо хариуцсан мэргэжилтэн О.Пүрэвсүрэн танилцууллаа.

Дүүргийн хэмжээнд байнгын асаргаа, сувилгаа шаардлагатай ахмад настанд гэрээр асарч сувилах, нарийн мэргэжлийн эмчийн туслалцаа үзүүлэх ажлын явцад хяналт тавих, дүн мэдээг ирүүлэх, хороодын гудамж талбайн гэрэлтүүлгийн бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагааны талаар мэдээллийг хороодын иргэдээс авч танилцуулж, холбогдох арга хэмжээг авах талаар чиглэл, үүрэг өглөө.

Мөн Нийслэл, дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгавруудыг ЧДЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат танилцуулж, үүрэг даалгавар өглөө.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд инженерийн байгууллагуудын ажлын гүйцэтгэлд хяналт тавих, орон сууцыг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад холбогдох газруудтай хамтарч ажиллах,  Нийслэлийн ИТХ-аас баталсан агаар орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад холбогдох газруудтай хамтарч ажиллах талаар үүрэг даалгавар өглөө.

Энэ сарын 3-ны өдөр Гэмтэл, мэс заслын тасаг шинээр нээгдсэн. Уг тасгийн үйл ажиллагааг цаашид жигдрүүлэх тал дээр анхаарч иргэдийг мэдээллээр хангах,  Нийслэлийн өдрийг угтаж олон нийтийг хамарсан арга хэмжээг холбогдох хэлтэс, албадуудтай хамтран зохион байгуулах, тохижилт, үйлчилгээ, гудамж, талбай цэвэрлэгээний ажлыг хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдтэй хамтран зохион байгуулах чиглэл өглөө.

Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор “Миний сонголт нийтийн тээвэр” аяныг зохион байгуулж байна. Тус аяныг хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд сурталчлан дэмжиж ажиллах, Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тохиолдуулан 10 дугаар сарын 13-ны өдөр нийслэл, дүүргийн Онцгой байдлын хэлтэс хамтран Тусгаар тогтнолын талбайд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулах тул иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг өргөнөөр оролцуулж дэмжиж ажиллахыг үүрэг болгосон байна.

Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Хишигбаатар зөвшөөрөлгүй ил задгай худалдаа үйлчилгээг таслан зогсоох, зөвшөөрөлгүй, ил задгай хог хаягдалд хяналт тавьж хамтран ажиллах талаар мэдээлэл хийлээ.

Leave a Reply

  • Facebook