Үзсэн: 237

НИЙТИЙН ЭРГҮҮЛҮҮД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН СЭДВЭЭР ДЭВЖЭЭ, АХА ТЭМЦЭЭНҮҮДЭЭР ӨРСӨЛДЛӨӨ

Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн арга хэмжээний хүрээнд дүүргийн 19 хороодын Гудамж байрны нийтийн эргүүлүүдийн дунд танин мэдэхүйн АХА, Дэвжээ тэмцээнийг Олон Улсын Найрамдал зусланд амжилттай зохион байгууллаа.
Арга хэмжээнд дүүргийн Засаг дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэд дарга Ж.Эрдэнэбат, ЗДТГ-ын дарга, зөвлөлийн гишүүн А.Дамцагдорж, Зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Отгонгэрэл,  Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, зөвлөлийн гишүүн Ц.Алтанцацрал, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга зөвлөлийн гишүүн Ө.Эрдэнэхүү, Замын цагдаагийн хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Б.Сүхбат, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Д.Сүрэн, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн, Д.Хишигбаатар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Н.Цэцэгээ, Онцгой байдлын хэлтсийн дарга, зөвлөлийн гишүүн Я.Жаргалсайхан, ЗДТГ-ын Эрх зүйн сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн, зөвлөлийн гишүүн  Г.Батмөнх нар оролцлоо.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж арга хэмжээний эхэнд иргэдийн аюулгүй байдлын төлөө гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа нийтийн эргүүлүүдэд дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн мэндийг хүргээд, тэмцээнд нь амжилт хүссэн юм.

Дэвжээ тэмцээн  багийн гишүүдийн дунд  Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль гэсэн сэдвүүдээр Багуудын мэндчилгээ, Гэрийн даалгавар, Эрх зүйн бодлого, Урлагийн үзүүлбэр гэсэн 4 үе шаттай явагдаж ялагчдаа тодруулав. Шүүгчээр Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, зөвлөлийн гишүүн Ц.Алтанцацрал, ЦЕГын ГХУС хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн дэд хурандаа Д.Бүрэнбаатар, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор Б.Чагдар, Сити их сургуулийн тайзны ярианы багш, жүжигчин С.Сарангэрэл, Нийслэлийн цагдаагийн газрын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад н.Мөнхзул нар ажиллалаа.
Дэвжээ тэмцээний нэгдүгээр байрыг 7 дугаар хороо “Жавхаа” баг, хоёрдугаар байрыг 16 дугаар хороо “Согоот” баг, гуравдугаар байрыг 19 дүгээр хороо “Боломж” баг тус тус эзэлж мөнгөн урамшууллаар шагнууллаа. Шагналыг дүүргийн Засаг дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэд дарга Ж.Эрдэнэбат болон зөвлөлийн гишүүд гардуулж, баяр хүргэлээ.

Танин мэдэхүйн “АХА” тэмцээнд 19 хорооны 38 нийтийн эргүүл оролцож  15 дугаар  хорооны Нийтийн эргүүл Б.Хөхөөдэй ялагч болж  мөнгөн урамшууллаар шагнууллаа. Мөн үеэр 12 дугаар хорооны ахмад настан, Нийтийн эргүүл М.Бөмбөг нийгмийн хэв журмыг хамгаалахад өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаа нийтийн эргүүлүүддээ зориулан  “Нийтийн эргүүл” шүлэг тэрлэж, 12 дугаар хорооны иргэн хөгжмийн зохиолч Л.Мөнхжаргал аялгуу хийснээр өнөөдрийн арга хэмжээнд шинэ дуугаа өлгийдөн авсан баярт мөч давхар тохиосон юм.

 

Leave a Reply

  • Facebook