СЭЛБЭ ДЭД ТӨВД БАРИГДАХ ДУЛААНЫ СТАНЦЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд хийгдэж байгаа томоохон ажлын нэг бол “Сэлбэ” дэд төвд баригдах дулааны станц юм. Станцыг барьснаар зуслангийн чиглэлийн зам дагуух гэр хороололд төвлөрсөн дулаан хангамж хүрэх боломж бүрдэнэ.

Энэхүү станцыг барих газар чөлөөлөлтийн ажил эрчимтэй хийгдсэний үр дүнд 11 дүгээр сарын 1-ний өдөр “Сэлбэ дэд” станцын шав тавих ёслол боллоо. Уг ёслолд  Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Төслийн захирал, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Азийн хөгжлийн банкны Ерөнхий захирал М.Инду Бушан, АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен болон холбогдох албаны хүмүүс, тухайн хэсгийн оршин суугчдын төлөөлөл оролцлоо.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат хэлэхдээ “Сэлбэ дэд төв төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурч, дэд бүтэц инженер, нийгмийн олон байгууламж байгуулагдаж тухайн бүсийн оршин суугчид эрүүл аюулгүй орчинд амьдрах, төрийн олон талт үйлчилгээг авах боломжтой болно. Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд оршин суугчдын оролцоо, дэмжлэг, идэвх санаачлага чухал юм” гэлээ.

Сэлбэ дэд төвийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 14, 15, 18, 19 дүгээр хороо, СБД-ийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд төлөвлөлт хийгдсэн байна. 26.68 МВТ хүчин чадал бүхий олон улсын стандартад нийцсэн дулааны станц, дулааны шугамыг олон улсын нээлттэй тендерээр шалгаруулахад “Хүрд” ХХК болон БНХАУ-ын “Шиншианг Гонгшен бойлер” ХХК түншлэл шалгарсан аж. Сэлбэ дэд төв ашиглалтад орсноор тухайн бүсийн айл өрхүүдийг дулаанаар хангахаас гадна шинэ суурьшлын бүс бий болох онцлогтой. Уг дулааны станц болон инженерийн шугамын ажил хийгдсэнээр түүхий нүүрсний хэрэглээ жилдээ 15 мянган тонноор буурч, 6 мянга орчим өрхийн 25400 хүн төвлөрсөн дулаан хангамж бүхий сууцанд амьдрах боломж бүрдэх судалгааг Азийн хөгжлийн банк хийсэн байна.

Leave a Reply

  • Facebook