Үзсэн: 95

УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн  11 дүгээр сарын 7-нд боллоо. Зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат удирдан явуулж Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврыг танилцуулан, цаг үеийн асуудлаар үүрэг даалгавар өглөө. Нийслэлийн болон дүүргийн өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат танилцууллаа.

Дүүргийн хэмжээнд 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 8 чиглэл 61 заалт бүхий төлөвлөгөөний дагуу засвар үйлчилгээний ажлууд хийгдэж байгаа бөгөөд нийт ажлын явц 98 хувьтай байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар дүүргийн Эрүүл мэндийн төвийн бага тойруу салбарт мэс заслын тасгийг шинээр нээж, шаардлагатай эмнэлгийн багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр ханган үйл ажиллагааг эхлүүлээд байна. Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх, чанаржуулах чиглэлээр дүүргийн 1-19 дүгээр хорооны ӨЭМТ-ийн эрүүл мэндийн нийгмийн ажилтан, эрүүл мэндийн сайн санааны туслагч, сургууль, цэцэрлэгийн нийгмийн ажилтнууд, эмч зэрэг нийт 160 хүнийг хамруулсан 2 удаагийн сургалтыг зохион байгуулсан байна. Малын гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд  Чингэлтэй дүүргийн болон бусад дүүргээс өвөлжихөөр орж ирсэн нийт 42 өрхийн 1046 малд нэмэлт вакцинжуулалт хийж ажилласан байна.

Нийслэлийн өдрийг угтсан ажлын хүрээнд 10 дугаар сарын 13-ны өдөр нийтийн эзэмшлийн гудамж, талбайн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж ЧДЗДТГ-ын дэргэдэх 17 хэлтэс албадын 70 гаруй албан хаагч, 1-19 дүгээр хорооны 200 гаруй иргэн, дүүргийн нутаг дэвсгэрт үйлчилгээ эрхэлдэг 400 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн 200 гаруй ажилтан, 81 сууц өмчлөгчдийн холбооны 130 ажилтан, Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ ХХК, “Найши трейд” ХХК-ийн 84 ачигч, жолооч болон 103 зам талбайн үйлчлэгч зэрэг 850 гаруй хүн хамрагдаж, 200тонн хог хаягдлыг цэвэрлэсэн байна.

Засгийн газраас гаргасан “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” албан даалгаврыг хэрэгжүүлж, үр дүнг сар бүр тайлагнаж ажиллах, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр төлөвлөгөө гарган ажиллах, “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар байгууллага, аж ахуйн нэгж иргэдээс дагаж мөрдөх журам”-ын хүрээнд албан байгууллага, аж ахуйн нэгжүүд ойр орчмын 50 метр хүртэлх талбайн цасыг цэвэрлэх ажилд хороод хамтран ажиллах, дүүргийн хэмжээнд цэцэрлэг, сургууль, нийгмийн байгууламжууд барихаар 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газруудын байршлыг тодорхой болгох, шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр дүүргийн мал бүхий айл өрхүүдэд байнгын хяналт тавьж, нэмэлт вакцинжуулалтыг хийх зэрэг үүрэг даалгавруудыг холбогдох хэлтэс, албадуудад Засаг дарга Ж.Эрдэнэбат үүрэг болголоо.

Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр улсын хэмжээнд төрийн байгууллагуудад авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах ажлыг Авилгатай тэмцэх газраас зохион байгуулсан бөгөөд уг ажлын дүнг хэлэлцүүлж байгаа. Энэ хүрээнд Нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албанд ажилласан дүнгийн хэлэлцүүлэг 11 дүгээр сарын 6-ны өдөр болсон. Энэ талаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж мэдээлэл хийж, хэлэлцсэн асуудлын хүрээнд үүрэг даалгавар өглөө.

Мөн үеэр Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойг угтаж дүүргийн 2017 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тулгуурлан ЗДТГ-ын дэргэдэх хэлтэс албад, хороодын ажлын алба, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас гаргасан шинэлэг санал санаачлагыг дэмжих, бүтээлч ажлуудыг өрнүүлэх, шинжлэх ухаан, танин мэдэхүй, урлаг спортын олон талт үйл ажиллагаа зохион байгуулах ажлын хүрээнд 5 үндсэн чиглэлд 54 үйл ажиллагаа бүхий нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын талаар ажлын хэсгийн нарийн бичиг ЧДЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Ням-Очир танилцууллаа.

 

Leave a Reply

  • Facebook