Үзсэн: 62

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧ ТӨХӨӨРӨМЖ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй “Улаанбаатар-цэвэр агаар” төслийн хүрээнд нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа 11 байгууллагад 200 ширхэг агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг өнөөдөр хүлээлгэн өглөө.

Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд дотоод орчны агаарын чанарыг сайжруулах ХЕПА шүүлтүүртэй 10 ширхэг агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, ЧДЭМТ-ийн дарга Ц.Лхагва болон эмнэлгийн ажилтнууд оролцлоо.

Дотоод орчны агаарын чанарыг сайжруулах энэхүү төхөөрөмж нь тасалгааны агаар дахь нян, бактери, хөгцийг 99 хувь хүртэл устгаж утаа, тоос тоосонцор, бохирдлыг шүүж цэвэрлэдэг бөгөөд эрчим хүчний зарцуулалт багатай, шөнийн ухаалаг горимоор ажиллах хүчин чадалтай ажээ. Агаарын бохирдол ихтэй, мөн улирлын чанартай Томуу, томуу төст өвчний дэгдэлт эхэлж байгаа энэ үед агаар цэвэршүүлэгч төхөөрөмжтэй болсноор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн эрүүлжих нөхцөлийг бүрдүүлэх юм байна.

Мөн үеэр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат “Агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын замын өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа энэ үед гадаад орчны агаарын бохирдлоос илүүтэй дотоод орчны агаарын чанарыг сайжруулах асуудал нэн чухал. Бид өдөрт багагүй цаг хугацааг албан тасалгаа, сургууль, цэцэрлэг, гэр, эмнэлэг зэрэг дотоод орчинд өнгөрөөдөг. Дотоод орчин эрүүл, бохирдолгүй байх нь эрүүл мэндэд чухал ач холбогдолтой. Эмнэлгийн  дотоод орчны агаарын чанарыг сайжруулснаар эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлж, эмчилгээний үр дүн сайжирна. Чингэлтэй дүүрэг 2017 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд эмнэлгийн байгууллагын материаллаг орчинг сайжруулах, эмч, ажилтнуудын мэдлэг, боловсрол, ур чадварыг нэмэгдүүлэх, иргэдийн амьдрах орчныг сайжруулах, хүүхэд багачуудад эрүүл зөв амьдрах дадал зуршлыг эзэмшүүлэх, тэдгээрээр дамжуулж эцэг эхчүүдэд нөлөөлөх зэрэг олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Агаар, хөрсний бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо, бүтээлч санал, санаачлаг чухал нөлөөтэй. Энэ хүрээнд дүүргийн хэмжээнд “Дулаалгын аяныг” өрнүүлэхээр санаачлан айл өрхүүд амины орон сууцаа дахин дулаалах зэрэг олон ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байна” гэдгийг онцоллоо.

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн хүрээнд цаашид агаар, орчны бохирдлыг бууруулах шат дараатай олон ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.

 

Leave a Reply

  • Facebook