Үзсэн: 224

ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Чингэлтэй дүүргийн Хүүхдийн төлөө зөвлөлийн хоёрдугаар хуралдаан 11 дүгээр сарын 9-ний өдөр боллоо. Хуралдааныг зөвлөлийн дарга, дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат удирдан явуулж хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулж үүрэг чиглэл өглөө.

Хуралдаанаар хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр 2017 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны урьдчилсан тайлан, зөвлөлийн анхдугаар хуралдаанаас гаргасан зөвлөмжийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлын тайлан зэргийг хэлэлцлээ.

Хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд дүүргийн Хүүхэд залуучуудын хөгжлийн төвд хүүхдийн хөгжил оролцооны сургалтын өрөө, сэтгэл зүйн зөвлөгөөний өрөө, чадваржих, хөгжих интернет өрөө зэрэг танхимуудыг тохижуулж, амьдрах ухааны сургагч багш, сэтгэл зүйч, өсвөр үе залуучуудын нийгмийн ажилтан нар сургалт, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, чадваржуулах зэрэг ажлуудыг өдөр тутам явуулж байна.

Энэ хүрээнд “Хяналт эрх мэдэл бө өөртөө итгэх итгэл”, “Бэлгийн амьдрал гэж юу вэ?” зэрэг сэдвээр болон, хууль сурталчлах ажлын хүрээнд  “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”, “Хүүхэд хамгааллын тухай хууль”, “Хүүхдийн эрхийн тухай хууль”-иудын талаар мэдлэг олгох сургалтуудыг зохион байгуулж нийт 718 хүүхдийг хамруулжээ.

Энэ жилийн эхний 10 сарын байдлаар дүүргийн хэмжээнд хүүхдийн эрх зөрчигдөж буй талаар “Хүүхдийн тусламжийн утас 108”-д ирсэн дуудлагаар 248 зөрчил бүртгэгдсэн бөгөөд тэдгээрт нийгэм сэтгэл зүйн нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх, хууль эрх зүйн тусламж, зөвлөгөө өгөх, нөлөөллийн сургалт, зан үйлийн засалд хамруулах, асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох зэрэг хамгааллын хариу үйлчилгээ үзүүлсэн байна. ЧДЗДТГ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Замын цагдаагийн хэлтэс, Цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэс, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хэлтэс, Дэлхийн зөн олон улсын байгууллагууд хамтран дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын 1300 сурагч, багш, эцэг эхчүүдийн дунд “Хүүхдийн эрхийг дээдэлж, гэр бүлийн хүчирхийллийг зогсооцгооё” өдөрлөгийг зохион байгуулсан байна.

Хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Хүүхэд-Зорчигчийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх хариуцлага 2017” аяныг зохион байгуулж сурагчдад ном, гарын авлага тараах, замын хөдөлгөөнд оролцох, хамгаалалтын бүс, хамгаалалтын суудлыг зөв хэрэглэх талаар сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулжээ. Мөн сургуулийн өмнөх насны хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний мэдлэг олгох, хөдөлгөөнд соёлтой оролцох дадлыг хэвшүүлэх зорилгоор “Замын хөдөлгөөний цагаан толгой 2017” тэмцээнийг дүүргийн цэцэрлэгүүдийн хүүхэд багачуудын дунд зохион байгуулсан байна.

Дэлхийн зөн олон улсын байгууллага дүүргийн Цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтсийн хүүхэд түр хамгаалах өрөөг тохижуулж, 17, 37, 49, 72, 117 дугаар сургуулиудын 600 гаруй сурагчдад “Мэргэжлээ сонгох” нь сургалт зохион байгуулж ажилласан байна. Мөн дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нөхөн сэргээх үйлчилгээг сайжруулах чиглэлээр 600 гаруй хүүхдэд хүнсний тусламж үйлчилгээ, Боловсролын хэлтэс, Цагдаагийн 2 дугаар хэлтэс, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Хүүхдийн дуу хоолой” чуулган, “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдөр” зэрэг компанит ажлуудыг хэрэгжүүлж 2000 гаруй хүүхдийг хамруулсан байна.

Хуралдааны төгсгөлд дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагууд, сургууль, цэцэрлэгүүдэд хүүхдэд ээлтэй орчинг бий болгох, хүүхдийг хүчирхийлэл, гэмт хэрэгт өртөх аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр шат дараалалтай үйл ажиллагаа зохион байгуулах зэрэг зөвлөмжийг хэлэлцэж баталлаа.

 

 

Leave a Reply

  • Facebook