ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛД ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ

ОХУ-ын Чита мужийн Өвөр байгалийн Их сургуулиас зохион байгуулсан шинжлэх ухаан-практикийн бага хуралд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Ням-Очир, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга А.Сэрээтэр, Эрүүл мэндийн төвийн орлогч дарга Х.Чинзориг, менежер Б.Уламбаяр нар оролцлоо.

Бага хуралд Орос, Монголын сэргээн заслын чиглэлээр ажиллаж буй эмч, мэргэжилтэн, багш, оюутан, удирдлагууд оролцсон бөгөөд эрүүл мэндийн боломж хязгаарлагдмал хүмүүст үзүүлж буй сэргээн заслын тусламж үйлчилгээний талаарх шинжлэх ухаан-практикийн түвшний туршлага солилцох нь хурлын зорилго байлаа.

Дэлхий дахинаа эрүүл мэндийн боломж хязгаарлагдмал хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тэгш хүртээмжтэй эмчилгээ, сэргээн заслын тусламж үйлчилгээг үзүүлэхэд нөхөрсөг, бүтээлч, шинжлэх ухаанч харилцаа холбоог бэхжүүлснээр төр засгийн болон нийгмийн анхаарлыг хандуулж чадахыг хуралд оролцогчид онцолж байлаа.

Эрүүл мэндийн төвийн Төлөвлөлт, хамтын ажиллагаа хариуцсан менежер Б.Уламбаяр “Чингэлтэй дүүрэгт Тархины саажилттай хүүхдүүдэд үзүүлж буй сэргээн заслын тусламж үйлчилгээг сайжруулахад хэрэгжүүлж буй үйл ажиллагаа”, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга А.Сэрээтэр “Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн хүн амын дундах хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлж буй нийгмийн халамжийн үйлчилгээний өнөөгийн бодит байдал” гэсэн сэдвүүдээр илтгэл тавилаа.

 

Leave a Reply

  • Facebook