МОНГОЛ УЛСАД БҮРТГЭЛИЙН БАЙГУУЛЛАГА ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ ТҮҮХТ 77 ЖИЛИЙН ОЙ БОЛЛОО

Жил бүрийн 11 дүгээр сарын 23-ны өдрийг улсын бүртгэлийн ажилтны өдөр болгон өнгөрүүлж ирсэн билээ. 2017 оны энэ өдрийг угтаж Оюуны Өмч, Улсын бүртгэлийн байгууллага нь албан хаагдынхаа дунд бүртгэлийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 77 жилийн ойн нэрийн дор 21 аймаг, 9 дүүрэг, ерөнхий газрын хэмжээнд 2017 оны үйл ажиллагааны үр дүн, амжилт ололт, алдаа оноог шүүн хэлэлцэж, 2018 онд хийж хэрэгжүүлэх, бүтээн байгуулалтын зорилго, хөтөлбөрийн талаар танилцуулсан өргөтгөсөн хурал зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулсан. Мөн ойг угтсан олон сайхан арга хэмжээ, уралдаан тэмцээнийг нийт албан хаагчдын дунд зохион байгуулж байр эзлүүлэн шагнаж, урамшууллаа. Энэ хүрээнд  21 аймаг, 9 дүүрэг, ерөнхий газрын газар хэлтсүүдийн хамтарсан баг бүрэлдэхүүний нийт 10 баг оролцсон  урлаг, спортын арга хэмжээнд  Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн хамт олон ч амжилттай оролцлоо. Тухайлбал: 2017 оын 11-р сарын 18-нд Цагдаагийн газрын дэргэдэх Сүлд чуулгад болсон урлагийн үзлэгт Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн хамтарсан баг 4-р байр эзэлсэн ба тус дүүргийн улсын бүртгэгч З.Уянга ахлан Р.Нагашбай, Б.Золзаяа, А.Түвшинтөгс нар богино хугацаанд бэлтгэл ханган амжилттай оролцов.

Мөн 2017 оны 11 дүгээр сарын 19-нд Олимп цогцолборт болсон спортын төрөлд Чингэлтэй дүүрэг нь Сүхбаатар, Баянзүрх дүүрэгтэй хамтран нийслэлийн 3 дугаар баг болж оролцсон ба тус дүүргийн  17 дугаар хорооны улсын бүртгэгч П.Мөнхбаатар ахалж,  улсын бүртгэгч Б.Мөнх-Очир, А.Түвшинтөгс, П.Амгаланбаатар, Ц.Түмэндэмбэрэл, М.Мөнхгэрэл, Т.Ганчимэг, Б.Гоормарал нар дүүргээ төлөөлж сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээнд хичээл зүтгэл гарган амжилттай оролцож тэмцээнд оролцсон нийт 10 багаас эрэгтэй эмэгтэй хос хүрэл медаль хүртэж спортын төрөлд багаараа 3 дугаар байранд орлоо.  Мөн энэ өдөр ширээн тениссний төрөлд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны улсын бүртгэгч М.Мөнх-Эрдэнэ оролцож 4-р байр, шатрын төрөлд хэлтсийн улсын бүртгэгч В.Лхагвасүрэн оролцож хүрэл медалийг тус тус хүртэж  амжилт гаргасан.

Монгол Улсад бүртгэлийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 77 жилийн ойд зориулсан баярын хурал 2017 оны 11 дүгээр сарын 20-нд боллоо. Хуралд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг нар болон Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын газар, хэлтсийн дарга нар, 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн дарга нар, албан хаагчид оролцов. ОӨУБЕГ-ын дарга Р.Содхүү баярын хурлын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Оюуны өмч, улсын бүртгэлийн байгууллагын нийт ажилтан, албан хаагчид, үе үеийн ахмадууд Та бүхэндээ Монгол Улсад бүртгэлийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 77 жилийн ойн халуун мэндчилгээг дэвшүүлье. Тэртээх 1940 онд  цагдан сэргийлэх газрын харьяанд паспортын хэлтэс байгуулагдсанаар бүртгэлийн байгууллагын үндэс суурь тавигдаж,  эдүгээ шинэ үеийн бүртгэлийн албыг бэхжүүлэн хөгжүүлж, биеийн давхцахгүй өгөгдлөөр баталгаажсан иргэний бүртгэл, өмчийн олон хэлбэр бүхий эд хөрөнгийн эрхийн бүртгэл, эдийн засгийн үндсэн суурь болох хуулийн этгээдийн бүртгэл, улс орны хөгжлийн түлхүүр болсон оюуны өмчийн эрхийн бүртгэлийн үйлчилгээг боловсронгуй болгож, олон улсын нийтлэг жишгийн дагуу өргөжүүлэн хөгжүүлэх үйлсийг  та бүхэнтэйгээ хамтдаа бүтээж байгаадаа баяртай байна. Төрийн өмнө хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлж, бүртгэлийг төгөлдөршүүлэх их үйлсэд оюун ухаан, хүчин чармайлтаа дайчлан ажиллаж байгаа салбарын нийт хамт олондоо ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсч, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Хурлын үеэр ажил үйлсээрээ тэргүүлсэн албан хаагчид, уралдаан тэмцээнд амжилт үзүүлсэн баг хамт олныг шагнаж урамшуулсан ба мөн төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээг зохион байгуулсан. Энэ арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Иргэний бүртгэлийн улсын бүртгэгч М.Мөнхгэрэл нь ажил үйлсээрээ манлайлж ОӨУБЕГ-ын “Хүндэт өргөмжлөлөөр” шагнуулж, 3-р хорооны улсын бүртгэгч Б.Гоомарал төрийн жинхэнэ албан хаагчийн тангарагаа өргөлөө.

Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн хамт олонд баяр хүргэсэн Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын хамт олон, үе үеийн удирдлагууд, Нэг цонхны үйлчилгээний хамт олондоо чин сэтгэлээсээ баярлаж талархсанаа илэрхийлье.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС

 

 

 

Leave a Reply

  • Facebook