быстрый займ на карту
Үзсэн: 806

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АЖИЛ ОЛГОГЧДЫН УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс “Хөдөлмөр-Амжилтын гараа” ажил олгогчдын уулзалт, зөвлөгөөнийг 12 дугаар сарын 8-ны өдөр Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордонд зохион байгууллаа.

Уулзалт, зөвлөгөөний гол зорилго нь иргэдийн өмнө тулгамдаж буй амин чухал асуудал болох хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хүртээмжтэй ажлын байрыг бий болгоход дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллага, бизнес эрхлэгчид, иргэдийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, харилцан мэдээлэл солилцоход чиглэгдсэн бөгөөд дүүргийн 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаараа онцлог юм.

Ажил олгогчдын уулзалт зөвлөгөөнийг нээж Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат хэлсэн үгэндээ:Өнөөдрийн зөвлөгөөний үр дүн нь харилцан мэдээлэл солилцох, хөдөлмөр эрхлэлтийн хэв шинжийг хөгжүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн бодлого үйл ажиллагааг уялдуулан, ажиллах хүчний оролцоог бодит түвшинд хүргэхэд харилцан дэмжлэгтэй ажиллаж, салбар хоорондын ажлын уялдааг сайжруулахад оршино хэмээн харж байна. Та бидний идэвхтэй, санаачилгатай хамтын ажиллагааны үр дүнд ажилтай, орлоготой Чингэлтэйчүүд бий болж, Монгол орны хөгжил цэцэглэлтэд тодорхой хувь нэмэр оруулах юм. Асуудлыг шийдвэрлэхийн тулд баялгийг бий болгож буй эдийн засгийг тэнцвэржүүлж, нуруундаа үүрч яваа ажил олгогчдодоо ээлтэй орчныг бүрдүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, тогтвортой ажлын байрыг бий болгох, иргэн бүр сайхан амьдрах арга замыг эрэлхийлэх ёстой” гэдгийг онцоллоо.

Зөвлөгөөнөөр дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Татварын хэлтэс, Монголын Үндэсний брэндийн зөвлөл, Монголын Ажил олгогчдын нэгдсэн холбоо, Макс групп илтгэл тавьж, зөвлөгөөнд оролцогчдын санал, зөвлөмжүүдийг нэгтгэн “УРИАЛГА” гаргалаа.

Тус уулзалт, зөвлөгөөнд Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Монгол Улсын ерөнхий сайдын дэргэдэх Монголын Үндэсний брэндийн зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Батгэрэл, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат,  Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын нийт удирдлагууд, хороодын Засаг дарга, Иргэдийн Нийтийн Хурлын дарга нар болон дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл, бизнес эрхлэгч, ажил олгогч иргэд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид зэрэг 700 гаруй хүмүүс оролцлоо.

Мөн үеэр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрт хамрагдсан иргэд болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, ажил олгогчдоос нээлттэй ажлын байрны захиалгын бүртгэл, ажил олоход хүндрэлтэй иргэдийг ажлын байранд зуучлах зэрэг үйл ажиллагааг зохион байгууллаа. Түүнчлэн “SICK” судалгааны байгууллага аж ахуйн нэгж байгууллага, ажил олгогчдоос санал асуулга, судалгаа авч, хөндлөнгийн үнэлгээ хийж ажилласан байна.

 

Leave a Reply

  • Facebook