ДҮҮРГИЙН 19 ДҮГЭЭР ХОРООНЫ “ЗАГВАР ӨРХ”-ТЭЙ ТАНИЛЦЛАА

Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, “Монгол базальт” ХК-ийн ерөнхий захирал Л.Ариунболд нар “Дулаалгын аян”-ы хүрээнд 19 дүгээр хорооны “Загвар өрх”-тэй танилцлаа.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хэрэгжүүлж буй “Дулаалгын аян”-ы хүрээнд “Монгол базальт” ХК,  Хаан банк, “Атмор” ХХК-тай хамтран дүүргийн 19 дүгээр хорооны оршин суугч С.Оюунчимэгийн байшин сууцын дулаан алдагдлыг бууруулж “Загвар өрх” болгох зорилгоор байшингийн гадна болон дээврийн дулаалга, дотор заслыг хийж гүйцэтгэн, цахилгаан халаалт суурилуулж өгсөн байна.

“Загвар өрх” С.Оюунчимэгийх өвөлдөө 3 тонн буюу мөнгөн дүнгээр 300-400 мянган төгрөгийг нүүрс түлээний зардалд зарцуулдаг байсан бөгөөд байшингаа дулаалан, цахилгаан халаагуурт шилжсэнээр цахилгаан, дулааны хэрэглээнд сардаа 55 мянган төгрөг зарцуулдаг болжээ.

Энэ үеэр Засаг дарга Ж.Эрдэнэбат “Байшин сууцны дулаан алдагдлыг зогсоож, цахилгаан халаагуурт шилжсэнээр амьдрах аятай тухтай орчин бүрдэж, эдийн засгийн хэмнэлт гараад зогсохгүй агаарын бохирдлыг бууруулахад иргэн бодит хувь нэмрээ оруулж байгаа хэрэг юм” гэдгийг онцолж байлаа.

“Загвар өрх” нь амины сууцаа дулаалахын ач холбогдол, дулаан алдагдлыг бууруулахын үр дүнгийн талаар  хорооныхоо иргэд, айл өрхүүдэд сурталчилж дүүргийн төр захиргааны байгууллагатай хамтран ажиллах юм.

 

 

Leave a Reply

  • Facebook