НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ, ХЭНТИЙ АЙМГИЙН БАЯН-ОВОО СУМ ХАМТРАН АЖИЛЛАХ “ТҮНШЛЭЛ” ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Орон нутгийн төрийн захиргааны байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, боловсрол, соёл, эрүүл мэндийн салбарт харилцан ашигтай хамтран ажиллаж, иргэдэд эрүүл мэнд, боловсрол, соёлын хүртээмжтэй, чанартай үйлчилгээ үзүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хороодын Засаг даргын Ажлын алба, боловсрол, соёл, эрүүл мэндийн салбарын төлөөлөл Хэнтий аймгийн Баян-Овоо сумд 1 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд “Түншлэл” үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж ажиллалаа.

Үйл ажиллагааг нээж Баян-Овоо сумын Засаг дарга Д.Баянмөнх, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат нар үг хэлэв.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Баян-Овоо сумын Засаг даргын Тамгын газар хооронд төрийн захиргааны байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан туршлага солилцож, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа боллоо. Санамж бичигт Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Баян-Овоо сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Сарантуяа нар гарын үсэг зурав. Мөн үеэр Чингэлтэй дүүргийн 1, 8, 13, 19 дүгээр хороо, Баян-Овоо сумын Сүмбэр, Дэлгэрхаан, Наран, Жавхлант багууд шефийн харилцаа тогтоосон юм.

Баян-Овоо сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагч, иргэдэд Чингэлтэй дүүргийн өнөөгийн байдал, боловсрол, эрүүл мэнд, соёл, спортыг дэмжин ажиллаж буй туршлага, хэрэгжүүлж буй төслүүдийн  танилцуулгыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж танилцуулж, “Монгол Улсын хөгжлийн түүчээ дэлхийд өрсөлдөх Чингэлтэйчүүд” илтгэлийг Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Ням-Очир хэлэлцүүлэн, Хөтөлбөрт суурилсан санхүүжилтийн механизм буюу Чингэлтэй дүүрэгт хэрэгжиж буй хөтөлбөрүүдийн танилцуулга, мэдээллийг хийлээ.

Эрүүл мэндийн салбарын хүрээнд Баян-Овоо сумын Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, эрүүл мэндийн хамтарсан үзлэг, оношилгоог зохион байгууллаа. Уламжлалт эмчилгээ, дотрын үзлэг, зүрхний дүрс оношилгоо, гэрийн эргэлтэд нийт 350 иргэнийг хамруулсан байна.

Боловсролын салбарын хүрээнд Хэнтий аймгийн төв Чингис хот, Батноров, Норовлин, Бэрх, Баянхутаг, Мөрөн зэрэг сумд болон Дорнод аймгийн Хөлөнбуйр, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумдын цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн 140 гаруй удирдлага, багш нарт үйл ажиллагааны туршлага солилцох сургалт, семинарыг зохион байгуулав.

Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Соёлын төв, Хэнтий аймгийн “Хан Хэнтий” чуулга, Баян-Овоо сумын Соёлын төвийн уран бүтээлчдийн хамтарсан урлагийн тоглолтыг зохион байгууллаа.

Leave a Reply

  • Facebook