ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ӨРГӨТГӨСӨН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн 1 дүгээр сарын 23-ны өдөр боллоо. Зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат удирдан явуулж, зарим хэлтэс албадын дарга нар мэдээлэл хийлээ. Зөвлөгөөнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс албадын дарга нар, Засаг даргын Дэргэдэх хэлтэс албадын дарга нар, хороодын Засаг дарга нар, ӨЭМТ-үүдийн дарга нар, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагууд оролцлоо.

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврыг Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/01 дүгээр захирамжаар 2018 оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил болгон зарласантай холбогдуулан хэрэгжүүлэх ажлын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах, Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Төсвийн хэрэгжилтийг зохион байгуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/43 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах төлөвлөгөө боловсруулж, биелэлт үр дүнг танилцуулж ажиллах зэрэг үүрэг даалгаврыг өгсөн байна.

Мөн үеэр агаарын бохирдлыг бууруулах чиглэлд “Монгол базальт” ХК-тай хамтран хэрэгжүүлж буй “Дулаалгын аян”-ны явц, үр дүнгийн талаар ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга А.Гэрэлт-Од танилцууллаа. “Дулаалгын аян”-ы хүрээнд 7-19 дүгээр хороодоос тус бүр нэг өрхийг сонгон авч, сонгогдсон 13 өрхийн дулаан алдагдлыг бууруулж, нүүрсний хэрэглээг багасгах зорилгоор байшин сууцыг нь чулуун хөвөнгөөр дулаалсан. Судалгаагаар амины сууцын дулаан алдагдлыг бууруулснаар түлээ, нүүрсний зардлыг 45-60%-иар хэмнэж, утааг бууруулахад хувь нэмрээ оруулж байна.  Дулаалгын ач холбогдлын талаар 7-19 дүгээр хороодын 1500 гаруй иргэдэд сургалт зохион байгуулж, 40 айл өрхийн байшинд дулаан алдагдлын талаар хэмжилт хийж газар дээр нь зөвлөгөө өгч ажиллажээ.

Дүүргийн Засаг даргын Тамгын газар болон хороодын Нэг цонхны үйлчилгээний ажлын тайлангийн талаар Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат танилцууллаа. Чингэлтэй дүүргийн Засаг даргын “Нэг цонхны үйлчилгээнд ажиллах хэлтэс, албадын хуваарь батлах тухай” 2017 оны А/4 тоот захирамжийн хүрээнд 2017 онд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Хөдөлмөр халамжийн хэлтэс, Иргэний бүртгэлийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Газрын албаны мэргэжилтнүүд дүүргийн ЗДТГ болон хороодын Нэг цонхны үйлчилгээгээр иргэдэд мэдээлэл өгч, санал, хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлэж, хэрэгжилтийг сар бүрээр гаргаж, үр дүнг тооцон ажилласан байна. Өнгөрсөн онд дүүргийн ЗДТГ болон хороодын Нэг цонхны үйлчилгээгээр нийт 343893 иргэн үйлчлүүлсэн байна.

Өнгөрсөн 2017 он буюу “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ажлын тайлан, үр дүн, “Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын талаар Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Ням-Очир танилцууллаа. “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд удирдлага зохион байгуулалт, хөрөнгө оруулалт, цахим эрүүл мэнд, эрүүл мэнд, нийгмийн тусламж үйлчилгээ, хороодын үйл ажиллагаа, нийтийн биеийн тамир гэсэн үндсэн 6 чиглэл, 72 үйл ажиллагаа бүхий төлөвлөгөөний дагуу 97.5 хувийн биелэлттэй ажилласан байна. Дүүргийн Засаг даргын 2018 оны А/18 дугаар захирамжаар “Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд Эрүүл мэндийн чанартай, хүртээмжтэй үйлчилгээг хүргэх, Боловсролын чанартай, хүртээмжтэй үйлчилгээг хүргэх, Спорт, соёл урлагийн чанартай, хүртээмжтэй үйлчилгээг хүргэх, Орчны тохижилт, дэд бүтцийг сайжруулах, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах, Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр тус тус үйл ажиллагаа хэрэгжүүлэх ажлын 6 дэд хэсгүүдийг байгуулан ажиллаж байна.

Дүүргийн 2018 оны Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний талаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Нацагдорж танилцууллаа. “Өрхийн хөгжлийг дэмжих жилд иргэн таны оролцоо” нээлттэй цахим санал асуулгын талаар  Мэдээллийн технологи, олон нийттэй харилцах албаны дарга Б.Лхагваням танилцууллаа. “Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд эрүүл мэндийн үйлчилгээ, боловсролын орчин, хууль, хүчний байгууллагын үйлчилгээ, өрхийн орлого нэмэгдүүлэх, орчны тохижилт, сургалт, газар зохион байгуулалт гэсэн 7 чиглэлд хийж хэрэгжүүлэхийг хүсэж буй ажлын талаар дүүргийн цахим хуудас болон олон нийтийн сүлжээгээр нээлттэйгээр иргэдээс санал авч байна. Санал асуулга энэ сарын 31-ний өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд саналыг дүүргийн нутгийн захиргааны байгууллагын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган ажиллана.

Зөвлөгөөнийг хааж дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат үг хэлсэн бөгөөд “Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд хийгдэх ажлуудтай холбогдуулан хэлтэс албадын дарга нарт үүрэг чиглэл өглөө.

Leave a Reply

  • Facebook