“ЭРҮҮЛ МЭНДИЙН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ БА ОЛОН НИЙТИЙН ТҮВШИНД ЭРҮҮЛ МЭНДИЙН МОБАЙЛ ТЕХНОЛОГИЙН ХЭРЭГЛЭЭГ ӨРГӨЖҮҮЛЭХ НЬ” ТӨСЛИЙН ҮР ДҮНГ ТАЙЛАГНАЛАА

Эрүүл Мэндийн Яам, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Солонгосын олон улсын Эрүүл мэндийн сангаас хамтран Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Ундрах-Ирээдүй Өрхийн эрүүл мэндийн төвд хэрэгжүүлж буй “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ ба олон нийтийн түвшинд эрүүл мэндийн мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төслийн үр дүнгийн тайлангийн арга хэмжээ 1 дүгээр сарын 24-ний өдөр боллоо.

Арга хэмжээнд Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Сергей Диордица тэргүүтэй ДЭМБ-ын төлөөлөгчид, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга О.Баяр, ЧДЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Ням-Очир, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва, Эрүүл мэндийн яамны Орон нутгийн эрүүл мэндийн бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Н.Болормаа, 19 дүгээр хорооны ӨЭМТ-ийн дарга Ж.Алтантуул нар болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Дүүргийн 19 дүгээр хорооны ӨЭМТ-д өнгөрсөн оны 6 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж буй тус төслийн хүрээнд эрүүл мэндийн мобайл технологиор 6700 гаруй иргэнийг оношилж үйлчилсэн бөгөөд тэр дундаа гэрийн эргэлтийн үйлчилгээнд өргөнөөр ашиглаж байна. Энэхүү үйлчилгээнд иргэд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж байгаа нь тус төсөл амжилттай хэрэгжиж буйн илрэл юм. Төслийг хэрэгжүүлсэн хамт олонд дүүргийнхээ нийт иргэдийн өмнөөс талархал илэрхийлье.  Өнгөрсөн онд дүүргийн ӨЭМТ-үүдэд физик эмчилгээний 7 төрлийн тоног, төхөөрөмж нийлүүлж, тэдгээрээр 30 гаруй нэр төрлийн үйлчилгээ үзүүлдэг болсон. Мөн Эрүүл мэндийн төв, ӨЭМТ-үүдийг нэгдсэн шилэн кабелийн сүлжээнд холбож, E-Health цахим системийг нэвтрүүлснээр иргэд анхан шатны нэгжээс дүүргийн эмнэлэгт үзүүлэх цагаа авдаг болсон. Цахим системээр 150000 гаруй иргэн нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх цаг, хэвтэн эмчлүүлэх цагаа авахаар бүртгүүлсэн байна. ӨЭМТ-үүд өнгөрсөн онд 20000 гаруй иргэнд цусны ерөнхий шинжилгээ, 50000 гаруй иргэнд биохимийн шинжилгээг хийж ажилласан нь төв эмнэлгийн ачааллыг бууруулах нөгөө талаас иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулах ач холбогдолтой юм” гэдгийг онцоллоо.

Төслийн хүрээнд Ундрах-Ирээдүй өрхийн эмнэлэгт элэгний B, C вирус, хеликобактер, бэлгийн замын халдварт өвчний түргэвчилсэн оношлуур, сүрьеэ илрүүлэх, цусан дахь сахар, холестриний хэмжээг тогтоох аппарат, зөөврийн эхо бичлэгийн аппарат, зүрхний бичлэгийн аппарат, бичил лаборатори, даралт хэмжигч аппарат, өвчтөний мэдээлэл хадгалах, компьютер, таблет зэрэг хамгийн сүүлийн үеийн багаж хэрэгслүүдийг олгосон. Төсөл хэрэгжиж эхэлснээр урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд 18-65 насны 6744 иргэнийг хамруулсан байна. Онош баталгаажуулах, дараагийн шатлалд 725 иргэнийг илгээж, илэрсэн өвчлөлийг хяналтад авч ажиллаж байна.

Эрүүл мэндийн үзлэг оношлогоог цахим хэлбэрт шилжүүлж, түргэвчлэхэд чиглэсэн, бага оврын тус хөдөлгөөнт техник  багаж хэрэгслүүдийг нэвтрүүлснээр эмч, сувилагчдын ур чадвар нэмэгдэх, өрхийн эмнэлгийн тусламж үйлчилгээний цар хүрээ тэлэх, өвчтөн оношоо цахим шуудангаар авах, хорооны алслагдмал бүсийн өвчтөнүүдэд тусламж үйлчилгээ хүргэхэд хялбар болох зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Leave a Reply

  • Facebook