ДҮҮРГИЙН МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН БАГШ НАРЫН МЭРГЭЖЛИЙН БАГИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Чингэлтэй дүүргийн Мэдээлэл зүйн багш нарын мэргэжлийн багийг Засаг дарга Ж.Эрдэнэбат хүлээн авч уулзан үйл ажиллагаа, хэтийн зорилттой танилцлаа.

Дүүргийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 26 сургуульд мэдээлэл зүйн 28 багш ажиллаж байна. Тус багт сургууль бүрээс нэг багш ажиллаж, мэргэжлийн багш нар хамтдаа хөгжих, сайн технологи арга зүйгээ түгээн дэлгэрүүлэх, багш багшаасаа суралцах, хичээлийн амжилт чанарыг ахиулахыг зорьж байна.

Дүүргийн ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирал Н.Гэндэнсүрэнгээр ахлуулсан тус баг нь өнгөрсөн хугацаанд зураг боловсруулах технологи /Photoshop/ хичээлийн иж бүрэн хэрэглэгдэхүүн, хичээлийн хөтөлбөр, ажлын хуудас, дасгал даалгаврууд, хэрэгцээт программ, онлайн тестүүдийг цахим хэлбэрээр багш, сурагчид, олон нийтэд түгээн дэлгэрүүлсэн байна. Мөн 7 дугаар ангийн сурагчдад зориулж 6 бүлэг бүхий 200 тест боловсруулж, QUIZMAKER программ ашиглан цахим тестийн санг бүрдүүлжээ.

Цаашид дүүргийн ЕБС-иудын багш нарын мэдээллийн технологийн чадвар, хэрэгцээт программын судалгаанд тулгуурлан мэдээллийн технологийн сургалт зохион байгуулах,  мэдээлэл зүйн багш нарыг шинэ техник технологи, аргазүйн сургалтад хамруулж мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, 3 дугаар ангийн иргэний боловсрол хичээлийн сургалтад хэрэглэгдэх үлгэрийн санд суурилсан видео боловсруулах, дүүргийн 6-12 дугаар ангийн сурагчдын дунд зарласан “Программ хангамж-Мультимедиа технологи”-ийн шилдэг бүтээл шалгаруулах уралдааныг амжилттай зохион байгуулж шилдэг бүтээлүүдийг улсын олимпиадад оролцуулахаар зорилт болгон ажиллаж байна.

Leave a Reply

  • Facebook