Үзсэн: 712

“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засаг даргын Тамгын газар, дүүргийн Замын Цагдаагийн хэлтэстэй хамтран дүүргийн нутаг дэвсгэрт зам тээврийн гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний түгжрэл саатлыг бууруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ААНБ, Төрийн байгууллагуудын ажлын уялдааг хангах, хамтран ажиллах зорилгоор “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” нэгдсэн зөвлөгөөнийг анх удаа зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дэд дарга Ж.Эрдэнэбат, ИТХ-ын Тэргүүлэгчид, тус салбар зөвлөлийн гишүүд, Нийслэлийн төр захиргааны байгууллагын төлөөлөл, ЧДЗДТГ-ын хэлтэс албадын дарга нар, 1-19-дүгээр хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Засаг дарга нар, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагууд, Аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл оролцов.

Дүүргийн Засаг дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дэд дарга Ж.Эрдэнэбат “Чингэлтэй дүүргийн замын хөдөлгөөний өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр илтгэл танилцуулж, өнгөрсөн онд дүүрэгт хэрэгжүүлсэн авто зам, замын байгууламжийн ажлууд, замын хөдөлгөөний ачаалал, ачаалал үүсэх шалтгаан, ачааллыг сааруулахад цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар танилцуулсан юм. Мөн Цагдаагийн Ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Д.Ядамдорж зөвлөгөөнд оролцогчдод хандан үг хэлж,  дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга, ГХУСАЗСЗ-ийн гишүүн Ц.Алтанцацрал Чингэлтэй дүүргийн ГХУСАЗСЗ-ийн үйл ажиллагааны тухай, ЧДЗДТГ-ын Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль  “ЕБС, цэцэрлэгүүдийн орчны аюулгүй байдлын нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ”, Замын Цагдаагийн хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Д.Ганболд “Дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний өнөөгийн нөхцөл байдал, зам тээврийн осол, хэргийн гаралт, түүний шалтгаан нөхцөл”, Замын цагдаагийн албаны техник, замын хяналтын хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан “Замын хөдөлгөөний аюулгүй байдал ба Чингэлтэй дүүрэг” зэрэг сэдвүүдээр тус тус илтгэл танилцуулж, зөвлөгөөнд оролцогчдын санал, хүсэлтийг сонслоо.

Үүний дараагаар Чингэлтэй дүүргийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дэд зөвлөлийн дарга А.Дамцагдорж зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний түгжрэл саатлыг арилгахад хамтран ажиллах зорилгоор “Тэди”, “Мобиком”, “Нарантуул 2”, “Хүчит шонхор”, “Алтжин”, “Тахь-Ко” зэрэг аж ахуйн нэгжтэй санамж бичиг байгууллаа.

Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат зөвлөгөөнийг хааж хэлсэн үгэндээ “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад иргэн, аж ахуйн нэгж болгон оролцсоноор тодорхой ажлыг хийж чадна гэдэгт итгэлтэй байна. Энэхүү оролцоог дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагууд санаачлан, түүчээлж байгаа явдалд баяртай байна. Иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл та бүхний гаргасан санал, санаачилгыг дэд зөвлөлийн цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган, холбогдох шатны байгууллагуудад уламжилж ажиллах болно” гэдгийг онцоллоо.

 

 

 

 

Leave a Reply

  • Facebook