ХЭВ ЖУРМЫН УРАМШИЛТ ЭРГҮҮЛ ЖИЖҮҮРИЙН ЭЭЛЖИТ СУРГАЛТ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн хэв журмын урамшилтай эргүүл жижүүрийн ээлжит сургалт 2 дугаар сарын 13-ны өдөр дүүргийн Хурлын танхимд боллоо. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 11 дүгээр тогтоолоор хэв журмын урамшилт эргүүлийн ажиллах журмыг баталсан билээ. Энэ хүрээнд дүүргийн Засаг даргын захирамжаар 19 хороонд 24 урамшилт эргүүл ажиллаж байна.   Эдгээр эргүүл нь хорооныхоо нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг хангуулах, энэ чиглэлээр төр, захиргаа, хууль хяналтын байгууллагаас хэрэгжүүлж байгаа ажилд дэмжлэг туслалцаа үзүүлэх, хамтран ажиллах, гэмт хэрэг, зөрчлийн талаар холбогдох байгууллагад шуурхай мэдээлэх замаар иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлж ажиллах чиг үүрэгтэй юм.

Сургалтыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж нээж мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. Сургалтаар Дүүргийн прокурорын газрын Хууль цаазын ахлах зөвлөх Н.Алтантүлхүүр зөрчлийн тухай хуулийн талаар, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга Р.Төмөрбаатар, Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч цагдаагийн ахлах дэслэгч Б.Зоригоо нар ажлын хариуцлага сахилгыг өндөржүүлж, идэвх санаачилгыг өрнүүлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, албан хэрэг хөтлөлтийн стандартыг хэрхэн мөрдөж ажиллах зэрэг чиглэлүүдээр мэдээлэл өгсөн юм.

Leave a Reply

  • Facebook